Талбайн теннисний "Их дуулга"-ын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Уимблдон" Их Британы Лондон хотноо энэ даваа гаригт эхэлсэн. Дэлхийн шилдэг теннисчдийн цуглараад байгаа 25 сая еврогийн шагналын сантай "Уимблдон" ирэх сарын 6-нд өндөрлөнө. Тэмцээний эхний тойргийн тоглолтууд эдгээр өдрүүдэд үргэлжиж байгаа бөгөөд АНУ-ын нэрт сагсан бөмбөгч Шакил О'Нил "Уимблдон"-д саатжээ. Тэрээр өнгөрөгч даваа гаригт Лондон хотын All England Club-ийн төв кортод болсон Их Британы Энди Мюррейгийн тоглолтыг үзэж сонирхсон байна.
Энэ өдөр Мюррей өрсөлдөгчөө төвөггүйхэн хожжээ. Энди Мюррей өнгөрсөн жил "Уимблдон"-нд түрүүлж, Их британичуудын 77 жил тасалдаад түрүүг авчирсан.
Мэргэжлийн сагсан бөмбөгийн бүхий л шагналуудыг хүртсэн, "Лейкерс" багаас өмсгөлийн 34 дугаарыг мөнхөлсөн үлэмж биет Шакил О'Нил өдгөө спортын TNT сувгийн хөтлөгч-тайлбарлагчаар ажиллаж буй. Ийнхүү нэрт сагсан бөмбөгч талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Уимблдон"-нд саатлаа.
Ч.ШАРХҮҮ