Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улстай найрсаг харилцаатай БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Жэмил Чичек таныг Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаад баяр хүргэж, Монгол оронд тавтай зочлохыг хүссэн юм. Түүнчлэн энэ онд Монгол Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болж байгаа бөгөөд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гээд түүхийн гүн хэлхээ холбоотой, хэл, ахуй, соёлын ижил төстэй, нийтлэг өв уламжлалтай Монгол Туркийн ард түмний харилцаа сүүлийн жилүүдэд улам идэвхжиж амжилттай хөгжиж байгаад баяртай байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд илэрхийлэв. Мөн миний Туркт хийсэн айлчлалын үеэр хоёр Улсын иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан бөгөөд энэ нь хоёр улсын бизнес, нийгэм соёлын болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байна. Манай Улс жилд 10 сая орчим малын арьс шир бэлтгэдэг бөгөөд тэдгээрийн ихэнхийг боловсруулалгүйгээр гадаад орнуудад гаргаж байна. Иймд арьс шир боловсруулах, арьс шир ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар танай улсаас туршлага судлахын зэрэгцээ Турк Улсын компаниудыг хөрөнгө оруулж хамтран ажиллахыг хүсч байна хэмээн УИХ-ын дарга онцлов.
Мөн тэрээр хоёр орны Парламент дахь найрамдлын бүлгүүдийн харилцааг улам идэвхжүүлж хоёр орны хамтын ажиллагааг дэмжигч, урагшлуулагч хамгийн хүчтэй лобби бүлэг болгох чиглэлээр харилцан ажиллах хэрэгтэй. Хоёр орны Парламентын Тамгын газруудын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.
Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек, Манай хоёр улсын хамтын ажиллагаа эртний түүхтэй бөгөөд өргөжин хөгжсөөр байна. Танай улс Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны нийгэмлэгт албан ёсны гишүүнээр элссэнд баяр хүргэе. Ноён Их Хурлын дарга З.Энхболд таны хөндөн тавьсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Мөн тэрээр, хоёр Улсын хооронд визгүй зорчих асуудал шийдэгдсэн нь хоёр улсын иргэд хоорондын бизнес эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд тус дөхөмж болж байна. Хоёр Улсын хоорондын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд энергийн салбарын хамтын ажиллагаа маш чухал. Энэ асуудлаар Монгол Турк Улсын хооронд ажлын хэсэг байгуулагдсан ч албан ёсны хэлэлцээ уулзалтууд хийж эхлээгүй байна. Иймээс дээрх салбарт хоёр талын уулзалт, хэлэлцээрүүдийг яаравчлах саналтай байна. Монгол Улсын Их Хурлын дарга таны хэлснээр Монгол Улсаас Турк улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх тал дээр бид онцгой анхаарч ажиллана. Мөн хууль сахиулах батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэг байна. Монгол Улс бол арьс шир үйлдвэрлэгч орон. Иймээс хоёр орны бизнес эрхлэгчдийн дунд арьс ширний үзэсгэлэн яармаг зохион байгуулж хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх саналтай байна. Олон Улсын тавцанд Турк Улс идэвхтэй байр суурьтай оролцдог. Турк улс нь АСЕАН-д гишүүнээр элсэх хэтийн төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Монгол Улсыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна хэмээн уулзалтын үеэр ноён Жемил Чичек онцлон тэмдэглэлээ.
Хэлэлцээрт Монголын талаас УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүн А.Тлейхан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Туркийн талаас БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагез, Туркийн Үндэсний Их хурлын гишүүн, ТҮИХ-ын даргын дэргэдэх Удирдах зөвлөлийн гишүүн, Турк-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Фехми Күпчү болон хоёр талын албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.