Өмнөд Солонгосын Ерөнхий сайдын суудалд Ерөнхийлөгч Пак Кын Хегийн нэр дэвшүүлсэн хоёр дахь хүн Мун Чан Гык өнөөдөр /VI.24/ нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. “JoongAng” сонины сэтгүүлч асан Мун Чан Гык нь “Солонгосын хойгийг Япон эзлэн түрэмгийлж, колончилсон нь бурхны хүсэл байсан” гэж хэлснээс маш их шүүмжлэлд өртөж, Ерөнхий сайдын суудлаас нэрээ татахад хүрсэн байна. Солонгосчуудын зүгээс Япон 1910-1945 оныг хүртэл хойгийг эрхшээн, колончилж байсанд одоо болтол уурлаж, хорссоор байдаг аж.
Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Хон Вон өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “Севол” гатлага онгоцны осолд хариуцлага хүлээн огцорсон билээ. Үүний дараа өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч Пак Кын Хе Ерөнхий сайдын суудалд Дээд шүүхийн шүүгч асан 60 настай Ан Дай Хиг нэр дэвшүүлсэн юм. Гэвч Ан Дай Хиг өнгөрсөн жил өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа өмнөх Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаа ашиглан их хэмжээний мөнгө олсон гэх шүүмжлэл гарч Ерөнхий сайдын суудлаас нэрээ татсан аж.
Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн далайд гарсан “Севол” гатлага онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд далайд осолдож, живснээс 300 орчим хүн амь үрэгдсэн билээ. Гатлага онгоцонд 470 гаруй хүн зорчиж явсны 350 орчим нь Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны сурагчид байсан юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: The Korea Times