УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаанаар гишүүд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2014 оны эхний хагас жилд хийсэн ажил, цаашид хийх ажлын талаар мэдээлэл сонслоо.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн оновчтой бодлого нь гэр хорооллын өрхүүдийг орон сууцанд хамруулах явдал гэж хотын захиргаа үзжээ. Тиймээс өнөөдрийн байдлаар 17 байршилд 20 компани гэр хорооллын дахин төлөвлөлт дээр ажиллаж, нийт 37 га газрыг чөлөөлснөөр 800 янданг байхгүй болгосон аж. Энэ бол төдий дайны өрх газраа чөлөөлж, орон сууцанд орохоор гэрээ байгуулсан гэсэн үг юм байна.
Мөн нийслэлээс барьж буй бодлогоор ойрын зургаан жилд 70.000-100.000 айлыг орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ. Энэ ажлыг хийж чадвал агаарын бохирдол 50-60 хувь буурах тооцоо гарсан юм байна.
Агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулахын тулд гэр хорооллын өрхүүдэд агаар бохирдуулдаггүй зуух тараах ажлыг сүүлийн гурван жилийн хугацаанд эрчимтэй зохион байгуулжээ. Энэ ажил ирэх намар ч үргэлжилнэ. Нийт 45 мянган зуухыг ирэх есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд тараах юм байна. Цаг хугацааг ийн төлөвлөсөн нь дулааны улиралд зуух тараахаар алга болдог аж.
Хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг зуух алга болдог нь орон нутагт эрэлт их байдагтай холбоотой гэж албаны хүн хэллээ. Түлш их хэмнэдэг, дээр нь аймгуудад агаарын бохирдол ихэссэн учраас орон нутгийн иргэдэд түүнийг хэрэглэх сонирхолтой юм байна. Тиймээс аймгууд руу зуух нийлүүлэх бодлого барина. Харин зуух үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар "Сэлэнгэ" констракшн холбогдох техник хэрэгслүүдээ татаж эхэлжээ. Тус үйлдвэр байгуулагдсан цагт нийслэлийн хэмжээнд тараагдсан утаа бага гаргадаг зуухыг засах боломжтой болох аж. 2011 онд тараагдсан зуухнууд эхнээсээ засвар шаардаж эхэлсэн юм байна.
Мөн холбогдох албаны хүний тайлбараар нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлт удаашралтай байгаа нь эхлээд газраа чөлөөлөөд өгчих, 2-3 жилийн дараа та орон сууцандаа орно гэсэн нөхцөл тавьдагтай холбоотой гэнэ. Хэрвээ иргэдийг газраа чөлөөлөнгүүт "Буянт-Ухаа-1" орон сууцны хороолол шиг хямд үнэтэй байранд оруулаад, дээр нь хотын захад газар санал болговол иргэдийн 80 хувь гар өргөн дэмжиж газар чөлөөлөлт эрчимжинэ гэдэг саналыг ч хэлж байлаа.
Г.ДАРЬ