Олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллага /OPCW/ Сири дэх химийн зэвсгийн нөөцийн сүүлчийн хэсгийг өнөө өглөө /VI.24/ хөлөг онгоцоор далай руу гаргажээ. Сирийн Латакиа боомтоос үлдсэн 1,3 тонн химийн зэвсгийг ачсан “MV Cape Ray” туслах тээвэрлэгч хөлөг далай руу хөдөлсөн байна. Сирийн химийн зэвсгийг АНУ-ын тэнгисийн цэргийн тусгай хөлгөөр тээвэрлэн Газар дундын тэнгисийн хаа нэгтээ устгах ажиллагааг явуулж буй юм. Далайд устгал хийсний дараа химийн зэвсгийн үлдэгдлийг Финланд, АНУ, Их Британид бүрэн үгүй хийж байгаа аж. Сирийн химийн зэвсгийн нөөцийг устгах ажиллагаа энэ зургадугаар сарын 30-нд дуусгавар болох төлөвлөгөөтэй байгаа юм. Гэвч олон улсын зүгээс Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг химийн зэвсгийн бүх нөөцөө ил болгоогүй хэмээн хардсаар байгаа аж.
Үүний зэрэгцээ Сирийн нийслэл Дамаскийн ойролцоо өнгөрсөн наймдугаар сарын 21-нд химийн зэвсэг бүхий халдлага гарч, 160 мянга гаруй хүн амь үрэгдсэн хэргийг олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагаас судлан шалгасаар байгаа гэнэ. Энэ халдлагад хлор ашигласан байж магадгүй хэмээн хардаж байгаа аж.
ОХУ-ын ятгалгаар Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад өнгөрсөн есдүгээр сард олон улсын химийн зэвсэг хориглох гэрээнд нэгдэж, гишүүнээр элссэнээр АНУ-ын зайлшгүй дайралтаас бултсан билээ. АНУ-ын эрх баригчид Дамаскийн ойролцоо болсон химийн зэвсэг бүхий халдлагад Башар аль-Ассадыг буруутган Сирид цохилт өгөхөөр бэлтгэж байсан юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС