Монголын эмэгтэй гольфчдын холбоо, "Орчлон" спорт клуб хамтран "Orchlon ladies open cup-2014" тэмцээнийг зургадугаар сарын 22-нд Sky resort дахь "Mt.Bogd" гольфийн талбайд зохион байгууллаа. Тэмцээнд 15 тамирчин оролцсон бөгөөд 86 оноогоор Д.Баярмаа тэргүүн байрыг эзэлсэн бол Б.Батнаран (94 оноо), П.Нандинцэцэг (95 оноо) нар удаах байрт шалгарлаа. Мөн туганд хамгийн ойрхон цохисон шагналыг 3,7 м (116 м-ээс) амжилтаар Д.Баярмаа, хамгийн хол цохисон шагналыг 197 м-ийн амжилтаар М.Саян нар хүртсэн байна.
Ингээд "Orchlon Ladies Open Cup-2014"-ийн цомын аварга, туганд хамгийн ойрхон цохисон шагналт Дамдинсүрэнгийн Баярмаатай ярилцлаа.
"Orchlon Ladies Open Cup-2014"-ийн цомын аварга Д.Баярмаа тэмцээнийг зохион байгуулагчдын хамт.
-"Orchlon Ladies Open Cup-2014"-ийн цомыг хүртсэнд баяр хүргэе!
-Баярлалаа. Энэ удаагийн тэмцээнийг Монголын эмэгтэй гольфчдын холбооноос "Орчлон" спорт клубтэй хамтран эмэгтэй гольфчдын дунд зохиогдож байгаагаараа онцлог байлаа. Тэмцээний гол зорилго нь эмэгтэй гольфчдын тоог нэмэх, тэдний өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, залуу тамирчдад урам өгөх, ахмад тамирчдын туршлагаас хуваалцах мөн гольфийн спортын онцлог, ач холбогдлын талаар мэдээллийг давхар өглөө. Тэмцээнд 15 тамирчин оролцсон бөгөөд ирэх жил оролцогчдын тоо нэмэгдэж, тэр хэрээр өрсөлдөөн их өрнөнө гэж итгэж байна.
-Таны хувьд тус тэмцээнд түрүүлээд зогсохгүй бас шилдэг цохилтын шагналыг хүртлээ.
-Тиймээ, үндсэн 18 цэгийг амжилттай дуусгаж, 86 оноо цуглуулснаар "Orchlon ladies open cup" тэмцээний анхны цомыг хүртлээ. Мөн тэмцээний үеэр "хамгийн хамгийн" шагналыг тодруулдаг. Туганд хэн хамгийн ойр цохих вэ? шагналыг хүртлээ. 116 м-ээс туганд 3,7 м ойр цохилтыг хийж энэхүү шагналыг хүртсэндээ баяртай байна. Мөн манай шилдэг тамирчдын нэг болох М.Саян 197 м цохилтыг хийж, хамгийн хол цохисон шагналыг хүртсэн.
-Гольфийн спортоор хэддэх жилдээ хичээллэж байна вэ?
-Миний хувьд арав гаруй жил хичээллэж байна. Хэсэг хугацаанд завсардсан ч сүүлийн жилүүдэд эрчимтэй хичээллэж байна.
-Тэмцээн уралдаанд оролцож байсан амжилтаасаа дурдвал?
-Пакистан улсад гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байх хугацаанаад гольфийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед тус улсын сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хоёр удаа түрүүлж байсан. Пакистан улсын Ерөнхийлөгчөөс цом хүртэж, энэхүү спортод улам л дурлах болсон. Мөн Ирланд улсад клубүүдийн нэрэмжит тэмцээнд оролцож, түрүүлж байсан. Дотоодын тэмцээний хувьд 4-5 тэмцээнд түрүүлээд байна.
-Улсын аварга шалгаруулах тэмцээний тухайд?
– Өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй. Энэ жилийн улсын аваргад оролцоно гэж бодож байна. 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сард Sky resort дахь "Mt.Bogd" гольфийн талбайд болох юм. Тэмцээн дөрөв хоног үргэлжлэх бөгөөд финалын тоглолтууд наймдугаар сарын 9-10-ны өдрүүдэд болно.
"Orchlon ladies open cup-2014"-ийн эхний байранд шалгарсан тамирчид, зохион байгуулагчдын хамт.
–Монголын эмэгтэй гольфчдын амжилт хэрхэн явна вэ?
-Сүүлийн жилүүдэд эмэгтэй гольфчдын тоо эрс нэмэгдэж байна. Тэр утгаараа эмэгтэй гольфчдын зэрэглэл нэмэгдэж байна. Б.Батнаран, А.Энэрэл нарын шилдэг залуу тамирчид гарч ирж байна. А.Энэрэлийн хувьд эдгээр өдрүүдэд залуучуудын ДАШТ-нд оролцож байна. Түүнийг мөн оюутны тэмцээн хүлээж байгаа. Б.Батнарангийн хувьд сүүлийн хоёр жил хичээллэж байна гэхэд маш сайн тоглолтыг үзүүлж байна. Тэрээр сая хоёрдугаар байрт шалгарсан. Тэгэхээр манай залуу тамирчид их богино хугацаанд сайжирч байна.
–"Инчон-2014" Азийн зуны спортын XVII наадам эхлэхэд 87 хоног үлдлээ. Таны хувьд тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багт багтсан гэсэн? Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Азийн зуны олимпийн их наадам ирэх есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд БНСУ-ын Инчон хотод болно. Азийн наадмын гольфийн төрөлд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн баг оролцох юм. Эмэгтэй багт Б.Батнаран, А.Энэрэл болон миний бие багтсан. Шигшээ багийн хувьд Азийн наадмын бэлтгэлдээ гарсан байгаа. Энэ удаагийн Азийн наадам бидний хувьд маш том сорилт тэмцээн юм. 2016 оны олимпийн их наадамд гольфийн төрөл нэмэгдэж байгаа. Цаашлаад олимпийн их наадамд Монголын тамирчид оролцох боломж их ойр гэж бодож байна.
Ярилцсан Ч.БОЛОРЧУЛУУН