Ардчилсан хүчний холбоо энэ сарын 20-22-нд төвийн бүсийн чуулга уулзалтаа Орхон аймагт “Шударгаар амьдарч буй хэнийг ч бүү гомдоо” уриан дор хийлээ. Энэ чуулганд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Архангай, Булган, ДарханУул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн 800 төлөөлөгч оролцов. Уг нь энэ чуулганд 600 хүн оролцох байсан ч 200-гаар олон хүн ирсэн нь гишүүд нь холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогийн илрэл юм. Чуулга уулзалтаа нээж, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд “Манай холбоо Монголын шинэчлэлийн түүчээ болсоор тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Сонирхлын бүлгүүд олноор байгуулагдаж байна. Монголоо шинэчлэх зорилготой манай гишүүд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн стратеги боловсруулахаар аймгуудад хэлэлцүүлэг өрнүүлж байна. Чуулга уулзалтаараа бид бас энэ талаар ярилцана” гэсэн бол энэ чуулганыг зохион байгуулагч Орхон аймгийн Ардчилсан хүчний холбооны тэргүүн Ч.Баттуяа “Ардчилсан хүчний холбоо одоо төр, засаг барьдаг хүмүүстэй болсон. Тиймээс энэ чуулганаар хэлэлцсэн асуудлаа бид төрийн бодлого болгох боломж бүрдсэн” гэсэн юм. Ардчилсан хүчний холбоо нь сонирхлын бүлэг болон клубийн зарчимд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Өдгөө тус холбоо 60 гаруй бүлэгтэй болж, өргөжин тэлсээр байгаа аж.
Энэхүү бүлэг, клубийн нэг болох Явган аялагчдын клуб долоо хоног бүрийн амралтын өдрөөр Богд ууланд аялдаг. Аялалд оролцоогүй гишүүн бүрийг 5000 төгрөгөөр торгодог юм байна. Торгуулийн мөнг ө хуримтлагдсаар 200.000 төгрөг болжээ. Үүнийг энэхүү чуулганы үеэр “Энэрэлт од” өнчин хүүхдүүдийн цэцэрлэгт хандивласан юм. Үүний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд “Улс орныхоо өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг бид чуулганаараа хэлэлцдэг. Ардчилсан хүчний холбоо жилдээ хоёроос доошгүй удаа чуулга уулзалт зохион байгуулдаг. Төвийн бүсийн энэ чуулга уулзалт бол зургаа дахь нь. Өнөө жил төв болон зүүн бүсийн чуулган хийнэ. Зүүн бүсийн чуулга уулзалт наймдугаар сард Буйр нуурт болно. Ардчилсан хүчний холбоо бүх аймаг, дүүрэгт салбартай. Олон хүнээс зөв санаа гардаг. Зөв санаанд тулгуурлаж, зөв шийдвэр гардаг” гэж ярилаа. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Бид чуулга уулзалтынхаа хүрээнд туршилгаа солилцож, өмнөх чуулганаас дэвшүүлсэн зорилтоо хэлэлцэж дүгнэдэг. Аймаг, дүүрэг бүр юунд тулгуурлаж, хэрхэн хөгжихөө ярилцаж, бодлого шийдвэрт тусгадаг. Манай гишүүд бас хоорондоо танилцаж, хувь хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, нийгэмд манлайлах эрдэмд суралцдаг” гэж хэлсэн юм.