Египет сэтгүүлчдэд шоронд хорих ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Египет сэтгүүлчдэд шоронд хорих ял оноожээ

 

Египетийн шүүхээс аль-Жазира телевизийн гурван сэтгүүлчид долоон жил шоронд хорих ял оноожээ. Сэтгүүлчдийг “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийг дэмжсэн, худал мэдээлэл тараасан хэрэгт буруутган хорих ялаар шийтгэсэн байна. Аль-Жазирагийн сэтгүүлч Мухаммед Фаме, Бахер Мухамед, Петер Грести нар баривчлагдсанаас хойш зургаан сар Египетийн шоронд хоригдож буй юм. Түүнчлэн шүүхээс гадаадын гурван сэтгүүлчид 10 жил шоронд хорих ял оноосны хоёр нь Их Британийн иргэд гэнэ.

 

Египетийн шүүх сэтгүүлчдийг хорих ялаар шийтгэснээр олон улс, хүний эрхийн байгууллага, хэвлэл мэдээллийнхний зүгээс хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэл дагуулаад байна. Хүний эрх, хэвлэл мэдээллийн байгууллагууд Египетийн Засгийн газрыг сэтгүүлчдийг айлган сүрдүүлж, дуу хоолойг нь боомилж буйд буруутгажээ.  Түүнчлэн АНУ-ын Төрийн нэрийн бичгийн дарга Жон Керри сэтгүүлчдийг хорих ялаар шийтгэсэн хэргийг Египетийн шинэ Ерөнхийлөгч Абдел Фаттах ас-Сиситэй Каир дахь айлчлалынхаа үеэр хэлэлцсэн байна.

 

Египетийн арми өнгөрсөн долдугаар сард цэргийн эргэлт хийж, Засгийн эрхээс “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийг зайлуулж, террорист бүлэглэл гэж зарласан юм. Мөн төрийн эргэлтийн дараа Катарын аль-Жазира телевизийг экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн талыг баримталсанд буруутган Египетэд үйл ажиллагаа явуулахыг хориглосон билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж