УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Төрийн ордны "А" танхимд хаалттайгаар хуралдаж байна. Уг хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа бөгөөд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой.
Хуралдааны эхэнд тус тогтоолын төслийг хэлэлцэх болоход УИХ-ын гишүүн Д.Зоригт хаалттай хэлэлцэх санал гаргаж, харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Нууцын зэрэглэлтэй асуудал ярих болоход хуралдаанаа хааж, бусад асуудлыг нь нээлттэй хэлэлцэх ёстой" гэсэн байр суурь илэрхийлснээр хуралдааныг нээлттэй байдлаар хийхээр болсон юм. Гэвч Зам тээврийн сайд А.Гансүх "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн, зарим зүйл нууцын зэрэглэлд хамаарах учраас байнгын хороог хаалттай хийх шаардлага байна" гэв. Тиймээс тус байнгын хороо хаалттай хуралдаж байна.
Мөн дээрх байнгын хорооны хуралтай давхцан УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж байна. Тус байнгын хороогоор Байгаль орчны төлөв байдлын 2013 оны тайлан сонсч буй юм.
Г.ДАРЬ