“Өглөөний Сонин”-ы сурвалжлагч Монгол Улсад үүсээд буй эдийн засгийн хямрал, түүнээс хэрхэн гарах талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй уулзаж ярилцсан ярилцлагыг эрхэм уншигч та бүхэндээ хүргэж байна.
– Засгийн газар “Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд эдийн засгаа аварч, хямралаас гарч чадах болов уу. УИХ-ын гишүүн бус эдийн засагч хүний хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?
– Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн хүндрэл бодитойгоор тохиолдож байгаа нь хамгийн эхэнд иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж эхэллээ. Ямар ч байсан УИХ-аас эдийн засгаа аврах, идэвхжлийг сэргээх тогтоол гаргаж баталсан. Ард иргэд 100 хоногийн дараа эдийн засаг сайжирна ч гэдэг юм уу их зүйл хүлээгээд байх шиг байгаа юм. Үүнд би маш тодорхой хариулт өгье. Тэгэхээр 100 хоногийн дараа бүх зүйл хүссэнээр болж үр дүн гарахгүй. Харин энэ оны эцэс гэхэд гарч болох юм.
– Яаж тэр вэ?
– Бид эдийн засгийнхаа дотоодод байгаа бүхий л нөөц, бололцоог ашиглаж шавхах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хоёр хуваагдчихсан байна. Албан, албан бус эдийн засаг гэж. Тиймээс албан бус эдийн засгийг албажуулах, түүний дотор далд эдийн засгийг ил болгох, нөгөөтэйгүүр Монгол Улсад үйлчилж байгаа татварын орчинг сайжруулах нэн шаардлагатай. Ингэхийн тулд хамгийн эхэнд иргэд татвараа үнэнч шударгаар төлөх нь чухал юм. Засгийн газраас ч гэсэн ямар нэгэн хүндрэлгүйгээр хялбаршуулсан татварын тогтолцоонд шилжих буюу түүнийгээ шинэчлэх шаардлагатай. Дээр нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, нийт секторыг идэвхжүүлэх санхүүгийн арга хэрэгсэл, түүний дотор зээлийн хүүг бууруулах зэрэг арга хэмжээг аваад явчих юм бол бондтой бондгүй оны эцэст Монголын эдийн засаг хувийн хэвшлийнхээ хүчээр сэргэх болно.
Харамсалтай нь өнөөдөр Засгийн газраас орж ирж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын босго хэмжээг тогтоох, аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын тодорхой хэмжээнээс доогуурх буюу татварын 90 хувийг нь буцааж олгох нь реформ биш юм. Реформ гэдэг нь Татварын ерөнхий хуулиас эхлээд бүх хуулийг, түүний дотор Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн албан татвар гэх мэтийн нийт хувь хэмжээг нь доошлуулж, багасгах зүйл хийх хэрэгтэй. Түүнчлэн Татварын ерөнхий хуулиараа татвар төлөгч болон төр хоёрын хоорондох харилцааг нэг нь үйлчилдэг, нөгөөх нь үйлчлүүлдэг харилцан эрх үүргийг нь тэнцвэржүүлсэн зүйлүүдийг оруулж ирэх хэрэгтэй байна. Одоогоор энэ чиглэлээр УИХ-д намын бүлгүүд болон гишүүдийн дунд нэгдсэн ойлголт алга байна.
– Таныхаар гишүүд болон намын бүлгүүдийн дунд нэгдсэн ойлголт бий болгохын тулд яах ёстой гэж?
– Уг нь УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан боловч хоёрхон удаа л хуралдсан. Өнөөг хүртэл тодорхой асуудлаа ярилцаагүй л байна. Гэтэл Засгийн газраас оруулж ирсэн татварын нэмэгдсэн өртгийн босгын арга хэмжээ, дээр нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох асуудал хэлэлцэгдээд эхэлчихлээ. Үүнийг би хувьдаа буруу гэж харж байгаа.
– Яагаад?
– Дээрх ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдахдаа улстөрийн намын бүх төлөөллийг оролцуулсан байдаг. Эдийн засгийн татварын орчин, тогтолцоонд нь шинэчлэл хийе гэсэн энэхүү ажлын хэсэг эцсийн үгээ хэлж байж цаашид Монгол Улсад татварын шинэчлэл хийгдэх үү, эсвэл косметик маягийн өөрчлөлт хийх үү гэдгээ шийдэх ёстой. Харамсалтай нь одоогийн байдлаар косметик маягийн өөрчлөлт л яригдаж байна. Ийм тохиолдолд, тэр тусмаа 100 хоногт эдийн засгаа аврах, өөрчлөлт хийнэ гэдэг маш хэцүү юм.
– Үнэхээр хувийн хэвшлээ дэмжих аваас бид оны эцэс гэхэд эдийн засгийн хямралаас гарч чадна гэж үү?
– Тийм ээ. УИХ-аар Эдийн засгийн өршөөлийн хууль, Ил тодын хууль ороод ирлээ. Энэ хоёр хуулиа татварынхаа шинэчлэлтэй хослуулж хийх ёстой. Үүгээрээ гол зарчмын асуудал болох далд буюу албан бус эдийн засгийг ил болгох, ингэснээр бүгдээрээ бага хэмжээгээр татвар төлдөг болох юм. Улмаар татварынхаа суурийг өргөжүүлэх энэхүү асуудал шийдэгдэнэ. Далд байгаа тэрхүү хөрөнгө ил болж, эдийн засагт шаардлагатай мөнгөний хэрэгцээг хангах, хөрөнгө оруулалт явагдах, идэвхжих нөхцөл бүрдэх ёстой юм.
Дээр нь бизнесийн орчинг цэвэрлэх асуудал байна. Өөрөөр хэлбэл бизнест садаа болж байгаа бүх төрлийн тусгай зөвшөөрөл, лицензийн асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байна. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд Хяналтын тухай хууль, Стандартын тухай хууль зэргээс эхлээд жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аль нэгнээс нь чөлөөлөх, томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлыг хоёр жилийн хугацаатайгаар татварын амралт өгөх, эсвэл хэсэгчлэн төлүүлэх гэх мэт хуулиуд батлагдсан.
Гэхдээ УИХ-д ороод ирчихсэн олон хуулийг ач холбогдлоор нь ангилаад үзэх аваас 100 хоногт эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахад шууд хамааралтай эдийн засгийн хуулиуд бага байна. Нийгэм, соёлын ч гэдэг юм уу бусад асуудлаа хойш тавих хэрэгтэй. Нэг үгээр хамгийн чухал хуулиудаа хамгийн эхэнд нь батлах л шаардлагатай. Харамсалтай ингэж чадахгүй байна. Иймэрхүү үйлчлэлийн зарчим явагдахгүй байгаа учраас магадгүй УИХ өөрөө 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх, идэвхжлийг сэргээх үйл ажиллагаандаа садаа тушаа болохыг үгүйсгэхгүй. Тиймээс л би, УИХ-ын даргын зөвлөлийн хуралд “Хамгийн гол гэсэн 15-16 хуулиа л яаралтай хэлэлцье, бусдыг нь ирэх намрын чуулганд шилжүүлье” гэдэг санал тавиад байгаа юм. Энэх асуудал шийдэгдчивэл Засгийн газар ч, УИХ нь ч нэн яаралтай дэглэмээр ажиллах хэрэгтэй. Ингэж чадах юм бол оны эцэс гэхэд Монголын эдийн засаг сэргэх бүрэн боломжтой юм.
– Саяхан наадмын төсвийг 2.2 тэрбум төгрөгөөр баталлаа. Иргэд ч нэлээд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
– Наадмын төсөв, Иргэдийн төлөөлөгчид Бразил улс руу хөл бөмбөг үзэхээр явсан зэрэг нь эдийн засгийн хүндрэлийн гол асуудлыг сайн тусгаж авахгүй байна л гэсэн үг. Өнөөдөр Улаанбаатар хотын эдийн засагт ямар хэмнэлт хийж байгаа юм бэ? Тэд энэ 100 хоногт юу хийх нь ямар ч тодорхойгүй байна. Үнэндээ иймэрхүү асуудлууд байж болохгүй. Хэрэв эдийн засгийн хүндрэлээс гарцгаая л гэж байгаа юм бол нийгэм даяараа хөдлөх ёстой.
Өөрөөр хэлбэл, засаглалын бүх түвшинд хөдлөх ёстой юм. Төв болон орон нутгийнхан бүгд эдийн засгийг эрчимжүүлэх өөрсдийнхөө тодорхой төлөвлөгөөг гаргаж ирэх ёстой. Ингэж байж, эдийн засаг идэвхжинэ. Гэхдээ эцсийн гол зүйл нь хувийн хэвшилдээ л найдах хэрэгтэй. Тэднийгээ л сайн дэмжиж, бизнес хийх таатай орчинг нь яаралтай сайжруулж, татварын шинэчлэл, эдийн засгийн өршөөлөө хийх шаардлагатай байна. Дээр нь хяналтаа хялбаршуулж, татварын янз бүрийн шалгалтаа аль болох хөнгөвчлөх ёстой.
– Нөгөөтэйгүүр эдийн засгийн эрэлтийн тал дээр ард иргэдийн худалдан авах чадвар маш муу болчихлоо. Инфляци хоёр оронтой тоонд хэвээрээ л байна шүү дээ?
– Үнэн. Эцсийн эцэст хэн ингэж инфляцийг хоёр оронтой тоонд бариад байгаа юм бэ. Төр засаг л биз дээ? Үнэндээ төрийн үрэлгэн зардал их байна. Мөн инфляцийг нэмэгдүүлж байгаа төрийн янз бүрийн бодлого байна л даа. Энэ бүхэн ганц Монголбанк биш нийт Засгийн газрын, УИХ-ын хамтын үйл ажиллагааны үр дүн байх ёстой. Ард иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг ярих хэрэгтэй байна. Тодорхой хугацаагаар ард иргэдийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хойшлуулж өгөх хэрэгтэй. Нэг үгээр татварын амралт өгч болно шүү дээ. Иймэрхүү байдлаар эдийн засагтаа нэмэлт бэлэн мөнгөний оролт бий болгох, зах зээлд эрэлт болон нийлүүлэлтийн талаас идэвхжүүлэх зүйлүүдийг хийх ёстой. Түүнээс биш нүүрс болон зэсийн зах зээлийг хүлээх маягаар хандана гэвэл эдийн засаг явахгүй. Улстөрийн маргаан байсаар байгаад л дуусна.
– Эдийн засгийн хямралтай холбогдуулан сөрөг хүчний зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг суудлаас нь огцруулах шаардлага хүргүүлээд байгаа. УИХ-ын гишүүний хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?
– Эдийн засгийн сайдаа огцруулчихаар эдийн засаг сайжирчихдаг бол сайхан л байна. Эдийн засгийн хямрал хүндээ байгаа юм биш л дээ. Гэхдээ Эдийн засгийн яаманд бодлогын алдаа байгааг үгүйсгэхгүй. Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамны хоорондын ажлын уялдаа сул гэвэл сул. Гэхдээ сөрөг хүчний зүгээс эдийн засгаас яаж гарах, иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварыг хэрхэн сайжруулах зэргийг бодох ёстой байтал, ганцхан сайдыг огцруулна гэх зэргээр улстөр хийж байгаа нь явцгүй юм.
Эх сурвалж: Өглөөний сонин