Төмөр замын бодлогыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Төмөр замын бодлогыг хэлэлцэнэ

Өнөөдөр Төрийн ордноо 6 байнгын хорооны хуралдаан хийхээр зарласны эхэнд Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

Дараагаар нь Эдийн засгийн байнгын хороо дангаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх аж. Үүнээс олон нийтийн анхаарлын төвд буйг онцловол Засгийн газар 2014 оны зургадугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Мөн Газрын тосны тухай шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлэг, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээс гадна  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт, Улсын Их Хурлын 2013 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.

Түүнчлэн энэ өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор Байгаль орчны төлөв байдлын 2013 оны тайлан сонсох, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаанаар 2014 оны эхний хагас жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн болон цаашид хийх ажлын тухай, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай  агуулга бүхий Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай төсөл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Гадаад бодлогын шийдвэр гаргах тогтолцоог боловсронгуй болгох талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох; Монгол Улсаас Зүүн хойд азийн орнуудад суугаа Элчин сайд нарын зөвлөгөөний талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсохоор төлөвлөсөн байна.

Б.ХАНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж