Хуулийн төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр /2014.06.23/ УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлж, соёл иргэншлийн аюулгүй байдлын дархлааг бий болгох, хүүхэд, залуучуудад үндэсний соёл, түүх, зан заншлаа таниулах чухал хөшүүрэг бол телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулан монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг сурталчлан таниулах, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлийн нөлөөллийг ашиглах явдал гэж үзэж байна. Соёлын өрсөлдөөн дунд аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, өөрийн уламжлалт зан заншил соёлоо хамгаалах, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан даяаршихын тулд монголын түүх, үндэсний соёл, зан заншил, ахуйг харуулсан радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, хэрэглэгчийг үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээлээр хангах, үндэсний соёл, зан заншлыг хөхиүлэн дэмжих шаардлага тулгарч байгаа тухай УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцуулав. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар үндэсний соёлыг хамгаалах хэрэгцээ өсч, үндэсний уран бүтээлчдийн эрэлт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж