Монголын улс төр мухардалд оржээ

Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Монголын улс төр мухардалд оржээ

Хаврын чуулган дийлэнх хугацаагаа сандал, суудлын хэрүүлд зарцуулав. Улс орны ирээдүй болон  улстөр, эдийн засагт хэрэгтэй чухал хуулиудын ихэнх нь парламентын босгыг давж чадалгүй унаж, гацаж, буцаагдаж байна. Яагаад тэр вэ? Шалтгаан нь тодорхой. Монголын улс төрд ойлголцол, зөвшилцөл, хэлэлцэл, хүндлэл огтоос байхгүй болсон, олонх нь цөөнхийнхөө, цөөнх нь олонхийнхоо үгийг сонсохоо больсонтой холбоотой.  Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хууль тогтоох дээд байгууллагын хувьд нэг нь нөгөөхийнхөө эсрэг товчлуур дарахаас өөрийг хийхээ больжээ гэж харагдаж байна.

Асуудлын гол нь олонхдоо байна уу, эсвэл цөөнхдөө бий юу, ямар ч байсан улстөр, эдийн засагт чухал хэрэгтэй хуулиудыг улстөржүүлж, хэрэлдсээр байгаад өөх ч биш, булчирхай ч биш болгосноороо Монголын улс төр мухардалд оржээ гэх дүгнэлтийг хийхэд хүргэж буй.  

Нам, эвсэл фракциараа талцан, тал тал тийшээгээ харчихсан хууль тогтоох дээд байгууллагынхнаас болоод эдийн засагт хүлээгдэж байсан хуулиуд лав нь энэ чуулганаар батлагдахгүй нь тодорхой болов. Нэмүү өртөгийн албан татварт өөрчлөлт оруулах, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих, Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах замаар хайгуулын тусгай зөвшөөрлийг хоригийг тавих гээд бизнесийнхэнд багагүй горьдлого төрүүлж байсан цөөнгүй хууль улстөрчдийн бодлогын “шоглоом” болоод өнгөрч магадгүй шинжтэй. Тэгвэл ойрын хугацаанд эдийн засаг сэргэхгүй гэсэн үг. Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд цөөнх таагүй хандаж, аль дээрээс эхлээд л янз бүрээр шүүмжилж эхэлсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой жижиг, дунд үйлдвэрүүдэд буцаан олгох хуулийн төслийг "энэ манайханд хамаагүй" юм байна гэдэг өнцөгөөр хандсан цөөнхөөс болж Засгийн газар хуулиа татахад хүрсэн гээд ерөнхийдөө Монголын парламентын үйл ажиллагааг харахад "Та нар ингэвэл бид тэгнэ" гэсэн барьцаа маягтай улс төр өрнөх болж.  Энэ бүхэн   УИХ хууль баталж, шийдвэр гаргаж чадахгүй болсны илрэл юм. Энэ маягаар ажлаа хийх юм бол манай парламентынхан тарвал яасан юм бэ?

Улс төрд өрнөж байгаа өнөөдрийн үйл явдлыг хөндлөнгөөс ажиглахад гээндээ ч бий, гоондоо ч байгаа нь тодорхой байна. Олонх нь  бодлогоо тодорхойлонгуут цөөнхийн зүгээс өөрсдөдөө зориулсан хууль гаргах нь хэмээн эсэргүүцдэг.  Яг  үнэндээ эдийн засгийг эрчимжүүлэх асуудал зөвхөн олонхид хамаатай гэж цөөнх бодож байгаа бол том эндүүрч байна гэхэд гэмгүй биз. Учир нь хариуцлагыг хэдийгээр олонх хүлээх ч асуудлыг улстөржүүлснээрээ цөөнх шүүмжлэл хүртэх нь гарцаагүй. Болж байгаа үйл явцаас эдийн засгийг эрчимжүүлэх олонхийн бодлогын эсрэг цөөнх бодлоготойгоор ажиллаж байна уу гэмээр сэтгэгдэл төрж байна.  Боловсруулсан хууль болгоныг нь бодлоготойгоор харлуулж, УИХ дээр унагах, буцаах, эргүүлэн татахад хүргэж буй эдийн засгийн хямрал дээр давс үрэх мэт цөөнхийн тоглолтыг харахад  ийм бодол төрж буйг нуух юун.

Нөгөө талаар бодлогыг олонх тодорхойлдог нь үнэн ч харамсалтай нь өнөөдрийн байдлаар засгийн эрхэнд байгаа Ардчилсан нам дотроо эв түнжингээ алдсан нь  улс төрийг гацаанд оруулж болзошгүй байгаа. Олонх дотор баавгайн талд ажиллаж буй хүмүүс цөөнгүй бий.   Ардчилсан нам засаглаж чаддаггүй, Ардын нам жагсч чаддаггүй гэж оргүй үг биш бололтой. Олонхийн хувьд сөрөг хүчнийхээ үгийг сонсч, тэдэнтэй хамтарч ажиллахын тулд хичээх хэрэгтэй байна. Ядахнаа л бусдын үгийг сонсч, хүндэтгэж сурах нь бодлогоо хэрэгжүүлэхэд ч тус дөхөм болох бус уу.  Гэтэл  өнөөдөр олонх чихгүй толгой мэт аашилж, цөөнхийн төдийгүй Ерөнхийлөгчийн үгийг ч сонсохоо больсон. Зөвхөн өөрсдийнхөө бодлогыг тулгаж байгаа олонх хааяадаа гэсэн бусдын өмнө буулт хийж сурмаар байна.

Цөөнхийн гаргасан хариуцлагын тухай асуудлыг олонх олноороо түрий барин, эрэлхүү, дээрэлхүү маягаар асуудалд хандаж байгаа. Уг нь ажла ахийхгүй байгаа сайдтайгаа хариуцлага тооц гэдэг шийдвэр буруу ч асуудал биш юм шүү дээ.  Тиймээс бусдын шүүмжлэл хүлээж үүрэгт ажлаа хийж чадахгүй "баг алаач"-даа  “төрхөмд”  нь буцаахаар олонхонд юу нь таалагдахгүй байгаа хэрэг вэ.

Аль аль нь асуудалд хүлээцтэй, нэг нь нөгөөдөө буулт хийхгүй бол Монголын мухардалд орсон улстөрөөс болж эдийн засаг, улс орны хөгжил ч гацаанд орж магадгүй байна. “Манай, танай нам” гэж туйлшрах тусам улс орны хөгжил улам л алсарсаар байх нь гарцаагүй. Хэрэгтэй үед хэн нэгэндээ буулт хийж, уян хатан харилцаатай байж гэмээнэ улстөр мухардлаас гарч чадах бус уу. Хэн нэгнийхээ хийх гэсэн ажилд  дэгээ тавих, саад учруулах замаар улс төр хийх нь  улс оронд бүр  ч ашиггүй юм. 

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж