Хуучирсан мэдээ: 2014.06.24-нд нийтлэгдсэн

Уучлалт гуй

Өөрсдөө л саруул ухаантай аятай аяглаж, ойлгодог улстөрчдийн дийлэнх нь өнгөрсөн хугацаанд хийсэн балгийнхаа төлөө түмэн олныхоо өмнө уучлалт гуйх цаг болсон мэт санагдана.

Газрын тухай хуулийн төсөлдөө гадаадын иргэдэд 40 жил газар ашиглуулах тухай тусгачихаад “Улстөржүүлээд байна. Гадаадын иргэдэд газар өмчлүүлэхгүй, ашиглуулна” гэж мэлзээд буй Б.Гарамгайбаатар гишүүн урд хөршийнхөн уухай хадаагаад орж ирээд эзэн суучихсан 40 жилийн дараа байх үгүйг мэдэхгүй ч монголчууд оршихуйн үндэс болсон газар нутагтайгаа байх ёстой. Хэдийгээр хуулийн төслийг эргүүлэн татсан ч монголчуудын бус гадны эрх ашгийн төлөө хуулийн төсөл боловсруулсандаа хүлцэл өч.

Бүх тендерийг танил талын хүрээнд олгож, чанар, хариуцлага гээчийг найзан дундаа наймаалцдагаас орон нутагт тавьсан онгорхой, цоорхойтой замд иргэд осолдож халуун амь, хайран хөрөнгөө яйран болгосоор байна. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд, “Цонжинболдог” орчимд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Баяндаваагийн адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу, 47 зорчигчтой явсан автобус осолдож зургаан хүн газар дээрээ нас барлаа. Тэдний дунд зургаахан сартай нялх үртэйгээ явсан эх хүүгээ өнчрүүлээд хорвоогоос оджээ. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй, магадгүй жолоочийн буруу болгоод л өнгөрөх байх. Гэхдээ замын онгорхойг тойрч гарах гээд осолдсон тохиолдол бишгүй гардаг. Одоогоос дөрвөн жилийн өмнө Баянчандманийн замд дунд оврын автобус нүх тойрч гарах гээд осолдсон ч зам хариуцсан компани бус жолооч  нь хариуцлага үүрээд л өнгөрсөн. Хэрэвзээ Зам тээврийн яам замынхаа чанар, гүйцэтгэлд өндөр хяналт тавиад, шаардлага хангасан замыг ашиглалтад оруулдаг байсан бол ослоос болж олон хүн амиа алдахгүй байлаа. Тиймийн тулд өнчирч, хоцорсон үр хүүхдүүдийнх нь өмнөөс уучлалт гуй.

Долдугаар сарын 1. Энэ явдлын төлөө өнөө хэр нь улаан нүүрээрээ уучлалт гуйсангүй. 2008 оны сонгуулиар иргэдийн сонгох эрхийг луйвардаж, түүнийгээ баллах гэхдээ жирийн иргэд, цагдаа нарыг мөргөлдүүлж, эцэст нь таван хүний амийг үрчихээд галт зэвсэг хэрэглээгүй гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил одоо хаана явна вэ. Өөрөө буудаж хороогоогүй ч иргэдээс үнэнийг нууж, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаагаар нь хохироосон тэр нөхөр яагаад ял шийтгүүлэх нь байтугай уучлалт ч гуйхгүй яваа юм. Сонгогчийн саналыг худалдан авч луйвраар сонгогдсон гэдгийг шүүхээр тогтоочихсон байхад УИХ-ын гишүүний тэмдгээр гоёж яваа нөхдүүд бий. Монголчуудыг төлөөлөн хууль тогтоох дээд байгууллага УИХ-д сууж байж БНХАУ-ын иргэншлээр офшор данс нээлгэсэн хүн ч бас байна. Тэд бүгд, тэднийг бүгдийг нь халдашгүй эрхтэйгээр орогнуулсныхаа төлөө УИХ-ын дарга ч уучлалт гуйх ёстой.

Сөргүүлж л байвал сөрөг хүчин гэсэн муйхар ойлголттой МАН ажлыг гацааж, ард түмнийг 1200 төгрөгөөр мах авдаг гэснийхээ төлөө биш юмаа гэхэд Монголын сэхээтнийг 40 мянгаар нь хэлмэгдүүлэн хороосныхоо төлөө өнөөдөр үр хойчоос нь уучлалт гуйсан бил үү. Өнгөрсөн нийгэмд 70 жил, сүүлийн хориод жил төр барьчихаад нэг ч эцсийн бүтээгдэхүүн гаргадаг олигтой үйлдвэрлэлгүй албан ёсны борлуулагч улс болгосныхоо төлөө өршөөл эр.

Авлигатай тэмцэх ёстой газар ч албан тушаалтнаас өс авах, айлгаж, дарамтлах хувийн хэрэгсэл мэт аяглаж, дуртайгаа ялаас мулталж, дургүйгээ нугачин дарах хэрэгсэл болон хувирсан нэгэн байгууллагын нэрийг нь хэлэх ч хэрэггүй биз. Гэм буруутайг зөвхөн шүүх тогтоох ёстой байтал гэмт хэргийг нь үйлдэл дээр нь барьсан мэт хэвлэлээр нэг зарлаж, нэр хүнд, сэтгэл санааны хохиролд унагаж хэлмэгдүүлэн хэн ч биш амьд үхдэл болгочихоод “хэрэгсэхгүй болголоо” гэх мундаг эрхийг хэн тэдэнд олгочихсон юм бэ. Хэрэг хийгээгүй нь тогтоогдсон юм бол хэвлэл мэдээллээр хийсэн мэтээр ялласныхаа төлөө хариуцлага хүлээдэггүй юмаа гэхэд уучлалт  хэзээ гуйх бол.

Үйлдвэрлэлийг хөгжүүлж, төрийн албыг цэвэрлэж, бүсчилсэн хөгжлийг бий болгоно гэж сэнхрүүлэн эрх авсан эрх баригчдаас асууя. Бүсчлэлийг дэмжиж нэгдсэн зах зээл, амьжиргааг бий болгох мөрийн хөтөлбөр чинь “Шинэ сум” хөтөлбөрөөр солигдож дэд бүтэц, үйлдвэрлэл, худалдан авагч, амьжиргааг тэтгэсэн засаг захиргаа нь сумын захиргааны хэдхэн хүнийг ажилтай орлоготой байлгахаар солигдсон юм уу? Хэрэв тийм бол хэлсэндээ хүрээгүйнхээ төлөө хэзээ уучлалт гуйх вэ?

Сүүлийн хориод жил төрийн өндөр алба хашиж ирсэн хүмүүсийн балгаар өөрсдийнх нь бизнес цэцэглэж, өрөөл бусдынх дампуурдаг, нам дамнасан бизнесийн бүлэглэл  Монголд сайхан амьдарч байна. Иргэдийн амьдрал улам бүр доройтож байгаа ч зөвхөн тэдний бизнес л өргөжин улам бүр хүрээгээ тэлнэ. Жил бүрийн хөрөнгө орлогын мэдүүлгээр зоорио яаж зузаатгасныг нь харсаар залхаж гүйцлээ. Эдийн засгийн хямрал болж, иргэдийн олдог хэд идэж уухдаа ч хүрэлцэхээ байсан энэ ахуйд улстөрчдийн бизнес л цэцэглэж байна. Энэ нь эцэстээ монголчуудыг биенээ үзэн ядах сэтгэлийг эрхгүй асааж, эв найрамдалгүй биесээ хараан зүхэж, хардаж, сэрдсэн хүмүүс болгон хувиргажээ. Байчихаад бизнесийнхээ явцуу эрх ашгийн төлөө монголчуудыг хоёр талцуулан зодуулахад ч тэд бэлэн улайрч байх шиг.

Энэ бүх муу муухайгийн үрийг тарих боломжийг олгосноороо бид бас буруутай. Сонгууль болгоноор хоосон амлалт, худлаа ярианд нь итгэж сонгож ирсэн нь бидний буруу. Сонгуулиар өнөө маргаашийн махны мөнгөөр төр барих эрхээ арилжиж, өвгөдийн халуун амь бүлээн цусаараа хамгаалан өвлүүлсэн газар шороо, эх орноо худалдах боломжийг увайгүй улстөрчдөд олгож байгаагаараа өвөг дээдэс, үр хойчоосоо бид уучлалт гуйх ёстой.

Л.НАРАНТӨГС

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №067


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж