УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын газрын тайланг хэлэлцжээ. Эл асуудлыг УИХ өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Энэ үеэр хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн тухай Аудитын газрын дарга онцолж, зарим хариуцлага алдсан албан тушаалтны нэрийг зарлахаа хэлж байсан. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцээд, зарим асуудлыг нягтлан шалгаж нэр устай нь зарлах ёстой хэмээн үзжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын тайлбарласнаар өнгөрсөн онд төсөв ерөнхийлөн захирагч нар татвар төлөгчдийн мөнгөөр нэлээд “тогложээ”. Тухайлбал, хууль зөрчин 108 данс нээж 4.4 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийсэн байсныг аудитын байгууллага илрүүлж 1.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зарлагын санхүүжилтийн зөрчлийг арилгуулсан юм байна. Өөрөөр хэлбэл, үлдэж байгаа 2.9 тэрбум төгрөгийн зарлагын санхүүжилт хууль зөрчсөн хэвээр байгаа. Мөн “Гудамж” төслийн хүрээнд хийсэн 36.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийг хаана ч тусгаагүй. Авто машин унах ёсгүй төрийн албан хаагчид унаа унах эрх олгож, тансаглуулсан. Ийм төрийн албан тушаалтан 222 байгаа аж. Үүнд нийт 19 тэрбум төгрөгийн зардал гарчээ.
Тэрчлэн төрийн албан хаагчдын тоо 6541 хүнээр нэмэгдсэн. Сарын цалин нь 500 мянган төгрөг, НДШ, ЭМД-ын шимтгэлийг оруулан тооцоход жилийн хугацаанд 70 тэрбум төгрөг зарцуулагдсан байх магадлалтай юм байна. Мөн жилдээ хоёроос хэтрүүлэхгүй гадаадад томилолтоор ажиллахаа мэдэгдсэн Засгийн газрын танхим түүндээ хүрээгүй. Зарим сайд гадаад руу аялахын дон шүглэв үү гэлтэй жилдээ 15-20 удаа гадаад руу явсан, гадаад томилолтын зардлаа 2 сая төгрөгөөс 588 сая төгрөг хүртэл хэтрүүлсэн байна.
Мөн улсын нөөцийн буудай, шатахуун алга болжээ. Хаачсан хэнд зарцуулсан нь огт мэдэгдэхгүй байгаа. Зөвхөн шатахуун нь 5.7 тэрбум төгрөгтэй тэнцэх юм байна. Тиймээс цөөнхийн бүлэг эдгээр асуудлыг тодруулахыг эрх баригч хүчнээс шаардахын зэрэгцээ хариуцлага тооцох асуудлыг тавих юм байна.
Өрийг нэмэхгүй, өрийн тодорхойлолтыг өөрчлөхгүй гэсэн болзолтойгоор
Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжинэ
Тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл аж. Уг хуулийн төсөлд орон нутаг, төрийн өмчит үйлдвэрүүдээр дамжуулан авсан зээл улсын өр биш гэсэн агуулга туссан юм байна. Харин үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд зөвшөөрөх боломжгүй хэмээн үзжээ. Ийм заалт дэмжигдсэн нөхцөлд “Эрдэнэт” үйлдвэр зэрэг томоохон төрийн өмчит компаниудаар дамжуулан их хэмжээний зээл авах бололцоо бүрдэх аж. Тиймээс орон нутаг, төрийн өмчит үйлдвэрийн газрын өрийг улсын өрд тооцохгүй гэсэн тодорхойлолтоо өөрчилж хуучнаар нь явуулах ёстой гэж бүлэг үзжээ. Ингэхдээ улсын өрийг нэмэхгүй, өрийн тодорхойлолтыг өөрчлөхгүй, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг суурь хууль гэж үзсэн тохиолдолд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжинэ гэсэн нэгдсэн саналд хүрсэн юм байна.
Мөн УИХ дахь МАН-ын бүлэг Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд тал бүрээс нь судлах шаардлагатай гэж үзэж, ажлын хэсэг байгуулахаар болжээ. Дээрх мэдээллийг хийсний дараа сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.
-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ. Бүлгийн байр суурь хэвээрээ байгаа юу. Гэхдээ эдийн засаг хүндэрсэний гол буруутан нь сайд Н.Батбаяр гэхээс илүүтэй төв банк байсан юм биш үү гэх байр суурь бас дуулдах боллоо?
-Монгол Улсын эдийн засаг уналтад орж байгааг цөөнхийн бүлгээс удаа дараа сануулж ирсэн. Харамсалтай нь, Н.Батбаяр сайд эдийн засаг өсөлттэй, хоёр оронтой тоонд байгаа, гэж ярьдаг байсан. Тухайн үед тодорхой арга хэмжээнүүдийг авсан бол өнөөдөр байдал өөр байх байсан болов уу. Тийм учраас хариуцлага тоцох асуудал хэвээрээ. Ер нь УИХ-аар 2013 оны мөнгөний бодлогыг хэлэлцэх байх. Энэ сэдэв өөрөө нээлттэй. Монгол төгрөгийн ханш унасан нь төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эргэлдэж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, цаасан мөнгө хэвлэж байгаа асуудалд Засгийн газар оролцоотой явж байгаа. Ер нь өмнөх Засгийн газрууд Монголбанкны үйл ажиллагаатай холбогдож байсан түүх байдаггүй юм билээ. Хэтэрхий орооцолдож байгаа нь сөрөг үр дагавар дагуулж байна.
-Сонгуулийн тогтолцоонд пропорцианаль хувилбарыг нэмэгдүүлж 38 болгох тухай УИХ дахь Ардчилсан намын бүлэг ярьж эхэлсэн. Цөөнхийн бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-МАН-ын хувьд Сонгуулийн нэгдсэн хуульд зарчмын өөр байр суурьтай байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгоно гэсэн заалттай. Тийм учраас одоогийн сонгож авсан 48:28 тогтолцоог сонгогчид тааламжтай хүлээж авдаггүй. Уг нь гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа улстөрийн намуудыг таван хувийн босго давах юм бол УИХ-д орж ирэг гэж Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулсан. Энэ маань өөрөө Үндсэн хуультай зөрчилдөж байгаа. Ардчилсан намаас хийж байгаа мэдээллээр пропорцианаль тогтолцооны хувийг нэмэгдүүлж 38:38 сонголтыг авна гэж байна. МАН-ын хувьд бол 100 хувь можаритор тогтолцоогоор сонгуулийг хийх нь зөв юм байна, Монголын ард түмэнд хэрэгтэй юм байна гэж ярьж байгаа. Гэхдээ эл асуудлыг эцэслээгүй, ажлын хэсгийн төвшинд хэлэлцэж байна. Зөвшилцлөөр шийдэж таарна.
Г.ДАРЬ