Хуучирсан мэдээ: 2011.05.14-нд нийтлэгдсэн

Амьдралын оноо

Заяа, Ганаа хоёрыг хэн ч харсан сайхан гэр бүл. Ганаа дажгүй ажил хийдэг. Тэднийх сайхан байртай, гурван хүүхэд нь хувийн сургуульд суралцдаг, гэрээрээ жилдээ нэг удаа гадаад руу аялчихна. Товчхондоо аз жаргалтай гэр бүл. Гэвч гэрийн доторх амьдрал арай өөр дүр зурагтай. Өдөр тутмын явган хэрүүл тасрахгүй. Уг нь тэд бие биедээ хайртай. Хэрэлдэж, муудалцсаар одоо тэр хайрандаа ч эргэлзэж эхэлж байгаа. Заяа үргэлжийн мөнхөд ууртай. Ганаа харин энэ амьдралын юу нь болохгүй байгааг ойлгохгүй.


Гэтэл асуудлын гол зангилаа нь Ганаа. Эмэгтэй хүн амьдралыг ямар оноогоор үнэлдгийг бусад эрчүүдийн адил мэдэхгүй яваа бас л нэгэн төөрөлдөгч. Гэрлэлт, хамтын амьдралыг үнэлэх хүүхнүүдийн үнэлэмж, эрчүүдийнхээс өөр. Тэгээд тэд салах болжээ. Салах болсон шалтгаанаа тэд ийнхүү ярив.


Заяа: Чи ажлаас өөр юм мэддэггүй. Намайг, хүүхдүүдээ хэзээ ч анхаардаггүй. Бидний төлөө юу ч хийдэггүй. Гэр бүлгүй хүн шиг л явдаг. Ажил, ажил гэхээс өөр юу ч ярихгүй. Хүүхдүүддээ эх нь ч, эцэг нь байсаар би залхлаа. Намайг анхаардаг, намайг халамжилж, хайрладаг хүн хэрэгтэй.


Ганаа: Ингэж ярьж байгаад чинь итгэх ч үгүй байна. Чамайг, хүүхдүүдээ хайхардаггүй гэж яаж хэлж чадаж байна аа? Энэ гэр орноо хар л даа. Ийм сайхан байшинд бид амьдарч байна. Хүүхдүүд өндөр төлбөртэй сайн сургуульд сурч байна. Чи өөрийнхөө өмсөж зүүсэн ээмэг зүүлт, хувцас хунараа ядаад хар л даа. Би энэ бүхнийг та нарт өгөхийн төлөө ажилладаг. Хэнээс ч дутахгүй сайхан амьдрах гэсэндээ цаг наргүй ажилладаг. Өдөр бүхэн та нарын төлөө ажилладаг байтал намайг өөрсдийгөө анхаардаггүй гэнэ ээ?


Заяа: Чи өөрийнхөө төлөө л энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Харин би л чиний төлөө бүхнийг хийдэг. Хувцсыг чинь угааж, хоолыг чинь хийж, хүүхдүүдээ өсгөдөг. Чиний хийдэг зүйл гэвэл тэр ажил чинь. Чи ер нь угаалгын машинд хувцас яаж хийж угаадгийг ядаж мэдэх үү? Хамгийн сүүлд чи бид хоёр хэзээ хамтдаа гадуур хооллосныг санаж байна уу? Чи хэзээ хамгийн сүүлд надад хайртай гэж хэлснээ санах юм уу?


Ганаа: Боль л доо, Заяа. Би чамд хайртай шүү дээ.


Эмэгтэй хүн нөхрөө гэр бүлийн амьдралд хэрхэн оролцож байгаагаар нь үнэлдгийг эрчүүд мэддэггүй. Тиймдээ ч эхнэр нь юунд сэтгэл хангалуун бус байгааг, бүх зүйл нь байсаар байтал юунд уурлаад байгааг ойлгодоггүй. Гэтэл тэр амьдралын оноог эмэгтэйчүүд өөрийн энэ үнэлэмжээр тавихаас гадна тэр онооны самбар зөвхөн тэдний гарт байхыг яана. Мэдээж гэрлэхийн өмнө хэн ч энэ тухай ярилцдаггүй. Харин дараа нь өөр өөрийн оноог нэмж явсаар нэг л мэдэхэд зөрчил үүсдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж