Хуучирсан мэдээ: 2011.05.14-нд нийтлэгдсэн

Баяр хүргэе, уулчдад

Өнөөдөр Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаярын Эверестийн оргилд хоёр дахиа гарсан өдөр тохиож байна. Тэрбээр анх дэлхийн дээвэр Эверестийн оргилд 2005 оны тавдугаар сарын 30-ны өдөр амжилттай авирч, хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд хүрсэн анхны Монгол хүн болсон бол 2007 оны энэ өдөр Эверестийн оргилд хоёр дахиа эх орныхоо далбааг мандуулжээ.

Агуу Эверест, хойд Америкийн ноён оргил Маккенли, Африк тивийн ноён оргил Климанжаро, Европ тивийн ноён оргил Эльбруст алтан соёмбот далбаагаа мандуулсан түүнийг одоо Өмнөд Америкийн Аконкагуагийн оргил, Антарктик тивийн Винсон Массиф, Австрали тивийн ноён оргил Карстенз Пирамид хүлээж байгаа.
Мөн Монгол хүн хүрч амжаагүй байгаа Хойд мөсөн далайг туулж, туйлын эцсийн цэг болох 90 градуст “аялах” зорилго ч Эверестийн баатар, энэ залуугийн төлөвлөгөөнд бий.

Монголын уулын спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх цуврал авиралтаа амжилттай үргэлжлүүлж, “Seven summit”-ыг эзлэх гайхалтай мөрөөдлөө заавал биелүүлээрэй. Баяр хүргэе, Өсөхөөд болон Монголын уулчдадаа.

Б.Бадмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж