Монголчуудын ахуй амьдрал, зан заншил, оюун сэтгэлэгийг илэрхийлэгч хүчин зүйлсийн нэг нь хөгжмийн цогц бүтээл байдаг. Энэ ч утгаараа сонгодог урлагийн салбарт хүчин зүтгэж, хэдийнэ олны танил болсон уран бүтээлч бүсгүйчүүд дахин нэгджээ.
Монголын шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс сорчлон “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан юм. Харин энэ удаад монгол бахархал, сонгодог бүтээлийг эргэн сануулахаар Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын аялгуу тансаг хөг эгшгээр таны мэдрэхүйн эгшгийг хөглөхөөр зэхжээ. Тоглолт “Mongolian Star Melchers” компанийн байранд зургадугаар сарын 28-нд 19.00 цагаас болох юм. Та сонгодог хэм хэмнэлийг мэдрэнгээ эх орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн ястны онцлог, нүд алдам тал, хэрэм цав, ховор амьтан, ургамал зэрэг Монгол бахархлаа нүдээр харж, сэтгэлээр мэдрэх торгон агшинг гэрэл зурагт буулгасан гэрэл зурагчин, аялагч О.Ган-Өлзийгийн гайхалтай бүтээлийг эндээс харах боломжтой. Тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд тоглолтод мөн Гавьяат жүжигчин Ө.Уянга, “3 охин” хамтлагийн дуучин Солонго нар оролцох ажээ.
Б.ЭНХ