&#34Хоригийн хугацаа дуусахаар Байнгын хорооны ажлаа өгнө&#34

Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

&#34Хоригийн хугацаа дуусахаар Байнгын хорооны ажлаа өгнө&#34

 Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.ТҮВДЭНДОРЖООС дараахь асуултад хариу авлаа.

-Та сайдаар томилогдоод долоо хонож байна. Хууль зүйн байнгын хорооны ажлаа давхар хийгээд явах юм уу?

-Үгүй ээ, ажлаа өгнө.

-Гэхдээ дараагийн даргыг сонгоё гэсэн ч таныг өргөдлөө өгөхгүй байна гэх юм?

-УИХ-ын аливаа шийдвэр дээр Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй байдаг. Намайг томилсон шийдвэрт хориг тавих хуулийн хугацаа өнөөдөр /өчигдөр/ 17.00 цаг буюу ажлын цаг дуусахад цуг дуусах юм. Тэрнээс хойш Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд албан ёсоор үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн явуулах эрх зүйн бүх төрлийн чадамж үүсч байгаа юм. Тиймээс тэр хугацаа болоогүй байхад Хууль зүйн байнгын хорооны даргын ажлаа өгнө гэдэг нь дуусаагүй процессын дундуур шинэ процесс үүсгэнэ. Би Хууль зүйн байнгын хорооны дарга, хуульч хүний хувьд, бас ёс зүйн хувьд ч хуулийн хугацаа нь дуусахаар өргөдлөө өгьё гэж бодсон. Үүний дараа Хууль зүйн байнгын хороо хуралдаж даргаа сонгох байх.

-Та нэр дэвшиж буй хүний талаар юу хэлэх вэ?

-АН-ын бүлэг хуралдаж Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбат гишүүнийг нэр дэвшүүлэхээр болсон. Би намын бүлгийнхээ шийдвэрийг дагана. Угаасаа би бүх асуудал дээр бүлгийнхээ шийдвэрийг дагадаг хүн.

-Ерөнхийлөгч таныг сайдаар томилсон УИХ-ын шийдвэрт хориг тавина гэсэн мэдээлэл яваад байсан. Энэ дээр танд мэдэгдсэн зүйл байна уу?

-Албан ёсоор тавьсан бол тэр талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлэх байх. Өмнөх туршлагаас харахад томилгоон дээр хориг тавьж байсан тохиолдол байдаггүй юм билээ.

-Таныг жагсаалтаар орж ирсэн учраас УИХ-ын гишүүнээс татгалзаж, сайдын суудлаа сонгох нь гэсэн яриа гарсан. Энэ дээр хариулт хэлээч?

-Би энэ талаар чуулган дээр ч байр сууриа илэрхийлсэн. Тэр хэвээрээ байгаа. Үнэхээр намын шийдвэр гараад Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүнээсээ татгалз гэвэл би дагах болно.

Өчигдөр ажлын цаг дууссаны дараа Ш.Түвдэндорж Байнгын хорооны даргын албан тушаалаа өгөхөөр хандсан бололтой. Тиймээс Хууль зүйн байнгын хороо дараагийн даргыг сонгохоор цугласан юм.

АН-ын бүлгээс энэ суудалд Д.Ганбат гишүүний нэрийг дэвшүүлсэн бол О.Баасанхүү гишүүн танхимаас Ж.Батзанданг дэвшүүллээ. Гэсэн ч энэ асуудлаар Байнгын хороо эцсийн шийдвэрээ гаргаж чадсангүй. Учир нь АН-ын бүлэг завсарлага авснаар хуралдаан хойшлов.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж