Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

АНУ Португал тэнцлээ

2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний G хэсэгт өрсөлдөж буй АНУ “Европийн Бразилчууд” гэгддэг Португалыг 2:2-ийн харьцаатай тэнцлээ. Тоглолтыг португалчууд тун сайн эхлүүлж, тав дахь минутад Луиш Нани гоол оруулсан. Тоглолтын эхэнд гоол алдсан АНУ-ын шигшээ тоглолтын санаачлагыг гартаа авч тоглосон. Гэсэн ч эхний хагаст гоол оруулж чадсангүй. Харин тоглолтын 64 дэх минутад АНУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч торгуулийн 16 метрийн гаднаас хүчтэй цохиж, 2014 оны ДАШТ-ийг чимсэн нэгэн гоолыг орууллаа. Ингэснээр тоглолтын тооны харьцаа 1:1 болон тэнцсэн юм. Улмаар 81 дэх минутад АНУ-ын довтлогч Клинт Демпси Грахам Зусигийн дамжуулалтаар гоол оруулж, тооны харьцааг 2:1-ийн харьцаатай болгосон юм. Гэсэн ч тоглолтын 90+5 дахь минутад Криштиан Роналдугийн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг Силвестре Варела мөргөж гоол оруулснаар Португалчууд тэнцүүлж чадлаа. Ийнхүү “Европийн Бразилчууд” гэгддэг Португал эцсийн мөчид АНУ-тай тэнцэж, ДАШТ-ий хэсгийн шатнаас мултрах аюулаас гарлаа. Дараагийн тойрогт АНУ Германтай, Португал Ганатай тоглоно.

ДАШТ-ий G хэсгийг дөрвөн оноотой Герман АНУ-ын шигшээ тэргүүлж байна. Харин нэг оноотой Гана, Португал сүүлийн байранд бичигдэж байна. Хэсгийн сүүлийн тоглолтод АНУ, Герман тэнцсэн тохиолдолд хүчирхэг Португал, Гана ДАШТ-ээ өндөрлүүлэх болно.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж