Сайд Д.Зоригтыг огцруулахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Сайд Д.Зоригтыг огцруулахгүй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Ганхуяг нарын УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн сайд Д.Зоригтыг огцруулах тухай хүсэлтийг авч хэлэлцээд “Боломжгүй” хэмээн шийдвэрлэлээ. Тодруулж хэлбэл, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 41 гишүүний 35 нь “Сайд Д.Зоригтыг  огцруулах боломжгүй” хэмээн үзлээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дээрх шийдвэр гарсны дараа гишүүдэд хандан “Хууль нь байгаа юм чинь гээд сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг гурав, дөрөв дэх удаагаа тавьж болохгүй. Хариуцлага өндөржүүлнэ гэдэг сайныг нь дэмжиж ажиллахыг хэлнэ. Хариуцлага тооцно гэдэг хуучирсан арга болсон. Ухамсраараа өөрөөр шийдвэр гаргах ёстой. Д.Зоригт сайдад хандан хэлэхэд “Засгийн газрын сайд нараас та хамгийн их хатуужсан нь болж байна. Нэг талаар гишүүд таныг хатуужуулж байна. Ард түмэн таны ажлыг харж, үнэлэлт дүгнэлт өгнө. Хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүд танд итгэл хүлээлгэлээ энэ итгэлийг дааж ажиллах ёстой. Хэрвээ УИХ хамгаалдаг юм чинь гэсэн байдлаар асуудалд хандаж ажлаа сайжруулахгүй бол ард түмэн таныг огцорсон сайд хэмээн тооцох болно. Ажилдаа дүгнэлт хийж хатуужсан боловсон хүчин болно шүү. УИХ-ын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах ёстой” хэмээлээ.  Ингэснээр УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдааныг өндөрлүүллээ.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж