М.Мөнхбаяр: Гэмтсэн иргэдийн эрүүл мэндэд анхаарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.06.22-нд нийтлэгдсэн

М.Мөнхбаяр: Гэмтсэн иргэдийн эрүүл мэндэд анхаарч ажиллана

Сүхбаатараас Улаанбаатарын чиглэлд зорчиж байсан 45 хүний суудалтай автобус осолдож, ослын шалтгааныг тогтоох, хохирогчдын эрүүл мэндийг анхаарах ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэг дөнгөж сая хуралдаж дуусчээ. Ажлын хэсгээс эхний ээлжинд ослоос болж гэмтсэн иргэдийн биеийн байдалд анхаарлаа хандуулж, эрүүл мэндийн яаралтай тусламж авах талаар ярилцсан байна.

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Мөнхбаяр “Энэ ажлын хэсэг хохирогчдын эрүүл мэндийн талаар ямар арга хэмжээ авах вэ гэдэг тал дээр ажиллаж байна. Цагдаагийн байгууллага нь ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа. Ажлын хэсгээс гэмтсэн иргэдийн талаар ямар арга хэмжээ авах талаар ярилцаж эхний ээлжинд хохирогчдын даатгалын асуудлыг яаралтай шийдвэрлэхээр боллоо. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэж байгаа иргэдийн биеийн байдал сайн, эмнэлгийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Одоогоор дутагдсан эм, тариа байхгүй байна” гэлээ.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан жирэмсэн эмэгтэйн хүүхэд зулбасан гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл гэлээ. Автобусанд хоёр жирэмсэн эмэгтэй явж байсан бөгөөд хүүхэд нь зулбаагүй, эмчийн хяналтанд байгаа юм байна.  

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж