УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.06.21/ Орхон аймагт ажиллаж байна. УИХ-ын дарга тус аймгийн удирдлагуудтай уулзалт хийсний дараа, өдөртөө 8000-10000 ширхэг маск үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Мөнхийн цагаан жим” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Мөнхийн цагаан жим” ХХК 12 ажилтантай бөгөөд 4 давхар даавуун материал болон 4 төрлийн дагалдах хэрэгслээс бүрддэг маскийг эх орондоо үйлдвэрлэж байгаа юм. Тус үйлдвэр нь илүү нарийн төрлийн тоосонцорыг шүүх давуу талтай буюу 35 ба 50 граммын Н95 төрлийн дагалдах хэрэгслээс бүрдсэн маскийг “Эрдэнэт” үйлдвэр болон Багануурын уурхайд захиалгын дагуу нийлүүлж байна. Масканд клапан суурилуулж өгснөөр амьсгалахад хялбар болгосон бөгөөд барилга, уул уурхай, цементийн үйлдвэр болон металлын үйлдвэрт хэрэглэх зориулалт бүхий маскны зах зээлд нийлүүлэх нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа болохыг УИХ-ын даргад танилцууллаа.
Мөн энэ өдөр УИХ-ын дарга З.Энхболд 1997 оноос хойш Орхон аймагт катодын цэвэр зэс, 2005 оноос эхлэн зэс утас, 2007 оноос эхлэн цахилгааны зэс утас үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК-ийн үйлдвэрт зочиллоо. Энэ үйлдвэр нь 107 ажилтантай бөгөөд өнөөдрийн байдлаар 30 гаруй төрлийн цахилгааны зэс утас үйлдвэрлэж байгаа юм. “Эрдмин”компанийн үйлдвэрлэсэн катодын зэс нь Лондонгийн металлын биржийн “А” зэрэглэлийн шаардлага хангасан 99.999%-ийн сорьцтойгоороо онцлогтой болохыг тус компанийн захирал Ж.Дамдинжав танилцууллаа.
Орхон аймагт 2012-2016 онд 11276 айлын орон сууцыг барихаар барилгажилтын ажил явагдаж байгаа юм. “Монгол Дайвин” ХХК нь Эрдэнэт хотод “Эко хороолол”-ын ажлыг эхлүүлсэн байна. Тус компанийн ТУЗ-ын дарга н.Саруулсайхан “Эко хороолол”-ын талаарх танилцуулгыг хийв. Тэрээр хэлэхдээ, Эрдэнэт хотод анх удаа орчин үеийн хаус хороолол барьсан болохоо хэллээ. Тус барилгын м.кв-ийн үнэ нь 1.250.000 төгрөг бөгөөд 600 мянган төгрөгийн цалинтай иргэн сар бүр 200.000 мянган төгрөгийг төлөөд энэхүү хаус хорооллыг ипотекийн зээлд хамрагдан авах боломжтой юм байна. УИХ-ын дарга "Эко хороолол"-той танилцах үеэр хэлсэн үгэндээ, Орон сууцны үнэ м.кв тутамд 200-300 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт байгааг дурдлаа. Мөн хууль эрхзүйн орчны хувьд Улаанбаатар хотод иргэд 8 хувийн орон сууцны зээлд хамрагдаж байгаа бол хөдөө орон нутгийн иргэд хөнгөлөлттэй буюу 7 хувийн зээлд хамрагдах нөхцөл байгаа. Иймд иргэдийг орон сууцжуулах бодлого эрхзүйн орчноор баталгаажсан болохыг онцлов.
УИХ-ын даргын Орхон аймагт хийж буй томилолт үргэлжилж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.