Хорин жил ярьсан тавдугаар цахилгаан станцыг барих гэрээг өнгөрсөн долоо хоногт үзэглэлээ. Энэ хугацаанд бусад улс орнууд сансарын хөлөг бүтээж, атомын цахилгайн станцынхаа тоог нэмэгдүүлж, төмөр замаа өргөжүүлж, юм юм, хийж байна. Харин монголчууд, мөрөөдсөөр, хэрэлдсээр, ярьсаар маргалдсаар өнөөдөртэй золгож.
Улаанбаатар хот жилээс жилд тэлэхийн хэрээр, эрчим хүчний хангамжийн асуудал манай улсын хувьд чухал сэдэв болсоор цөөнгүй жил өнгөрсөн. Ялангуяа сүүлийн жилүүдэд барилга байгууламж нэмэгдэн, орон сууцны хорооллууд баригдахын хэрээр эрчим хүчний асуудал хурцдаж, нийслэлээ хөлдөөчихгүйн тулд бүх л нөгөө хуучин хэдэн станц нь бүхий л хүчин чадлаа шавхан ажиллаж байгаа. Уг нь ярьж төлөвлөж мөрөөдсөнөөрөө бол 20 жилийн өмнө, адаглаад л арван жилийн өмнө цахилгаан станцтай болчих байлаа. Харамсалтай нь үе үеийн Засгийн газрын мөрөөдөл байсан тавдугаар цахилгаан станц цаасан дээрээс газардаж чадаагүй юм. Хонх дуугарвал дамар таг, хоёулаа дуугарвал лам нь таг гэгчээр газар нь олдохоор мөнгө нь байдаггүй, мөнгө хүн олдохоор газар нь тохирдоггүйн зовлон туулсаар нэгэн сайхан цагт цахилгаан станцаа барина гэж бидний мунгинаж байх зуур бусад улс орон бүтээнэ чиг, байгуулана чиг гэдгийг яруу тодоор харуулж байна. Монголчууд шиг цахилгаан станцтайгаа зууралддаг улс бараг ховордож, уран, байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ.
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангахаар 450 МВт-ын хүчин чадал бүхий "Дулааны Y цахилгаан станц"-ыг концессын гэрээгээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жил дөнгөж өчигдөр албан ёсны гэрээгээр баталгаажиж, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагууд төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт Энд Пауэр Плант” компанитай хамтран ажиллах гарын үсэг зурлаа.
"Дулааны Y цахилгаан станц"-ын концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оны есдүгээр сарын 28-ны өдөр зарласан бөгөөд шалгаруулалтад олон улсын нэр хүнд бүхий 34 компани оролцох сонирхлоо илэрхийлж, тэдгээрээс 11 консорциум нь саналаа ирүүлсэн байдаг. Улмаар удаах гурван шатны шалгаруулалт явуулсны дүнд “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийг хамгийн сайн нөхцөл санал болгосон оролцогч хэмээн шалгаруулж, 2013 оны наймдугаар сарын 26-ны өдөр төслийн гэрээ болон дагалдах бусад гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийхийг зөвшөөрч, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам дээрх түншлэлтэй Санамж бичиг байгуулжээ.Төслийн хэлэлцээг манай талаас ЭХЯ, ЭЗХЯ, Эрчим хүчний зохицуулах хорооны Хамтарсан ажлын хэсэг тус түншлэлтэй хийж, төслийг эцсийн байдлаар боловсруулан 2014 оны зургадугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан бөгөөд хуралдаанаас “Дулааны V цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээнд гарын үсэг зурах зөвшөөрлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олгосны дагуу ийнхүү баталгаажуулж байгаа бололтой юм.
“International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт Энд "Пауэр Плант” ХХК буюу концесс эзэмшигч нь энэ өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа шийдвэрлэн, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Газар ашиглах гэрээ, Ус ашиглах гэрээг Монгол Улсын төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай тус тус хийснээр Концессын уг гэрээ хүчин төгөлдөр болж, станцын барилга угсралтын ажил эхлэх юм. Гэрээг төр-хувийн хэвшлийн түншлэл буюу концессын барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулж буй бөгөөд концесс эзэмшигч нь “Дулааны V цахилгаан станц”-ыг дөрвөн жилийн хугацаанд барьж, удаах 25 жилд нь ашигласны дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг хүлээхээр болжээ.Станцын хүчин чадлын хувьд цахилгаанд 450 МВт, дулаанд 587 МВт байна. CFB (circulating fluidized bed) технологийн бойлер ашиглах бөгөөд энэ нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө хамгийн бага хийгээд гэр хорооллын хүн амыг нэгдсэн халаалт бүхий орон сууцны хороололд шилжүүлэн суурьшуулах боломж бүрдэнэ.
Төслийг хэрэгжүүлэхэд 648 ажлын байр шинээр бий болно гэж урьчилсан байдлаар төлөвлөж байна.
Ийнхүү олон жил дуншиж, цаасан дээр эрээн болтлоо сараачуулсан тавдугаар цахилгаан станц амь орж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байна. Тавдугаар цахилгаан станц баригдах нь битгий хэл дөнгөж бүрэлдэх төдийд л зургадугаар цахилгаан станц барих шаардлага нэгэнтээ бий болсон. Харамсалтай нь дахиад хичнээн жил хүлээхийг чөтгөр л мэдэж дээ.
Н.ХҮСЛЭН