Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Зээлийн батлан даалтын сан нь 2014 оны эхний хагас жилийн урьдчилсан байдлаар нийт 169 иргэн, аж ахуйн нэгжийн 26,4 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалтыг хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт гаргаж, 500 орчим иргэн ажилтай болсон хэдий ч зээлийн батлан даалтын өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг төдийлөн хангахгүй байна.
Иймд Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэх, орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн орон нутгийн хөгжлийн талаарх санаачилгыг нэмэгдүүлэх, орон нутагт зээлийн батлан даалтын үйлчилгээг хүргэх боломжийг эрх зүйн хувьд бүрдүүлэх нэн шаардлагатай гэж үзэж байна.
Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зээл, хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн зээлд батлан даалт гаргах зорилгоор тус санд хөрөнгө хуваарилах, хөрөнгийг орон нутгийн зээл хүсэгч иргэдийн зээлд батлан даалт гаргах харилцааг журмаар зохицуулахаар тусгажээ. Тус журмыг тухайн шатны Засаг дарга, Зээлийн батлан даалтын сангийн удирдах зөвлөлтэй хамтран батлах нь зүйтэй гэж үзжээ.
Мөн тус сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд банкны холбооны төлөөллийн оролцоог хангах, үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх, үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллийг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс өөрчилж, хуульд заасан чиг үүргийн дагуу сангийн үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих чиг үүргийг нь гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах үүрэг бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг 2012 оны 02 дугаар сард баталсан байна.
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталлаа
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг энэ оны 06 дугаар сарын 06-нд УИХ баталсан. Үүнтэй холбогдуулан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталлаа.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар “тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах” үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн нь жижиг, дундын үйлдвэр эрхлэгчид хамаардаггүй бөгөөд эдгээр салбарт хамаарах тоног төхөөрөмж тус жагсаалтад ороогүй байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хөнгөлөлт чөлөөлөлтийг дахин сэргээж байгаа тул Засгийн газрын 193 дугаар тогтоолоор баталсан өмнөх жагсаалт болон яамдаас ирүүлсэн саналыг нягталж, жагсаалтад зөвхөн үндсэн үйлдвэрлэлд зориулагдсан тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгслийг хамруулахаар боловсруулсан бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжид хамрагдахгүй сэлбэг хэрэгсэл, бэлэн бүтээгдэхүүн, гар багаж, угсран борлуулах зориулалттай эд анги зэргийг хамруулаагүй байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
Энэ айлчлал Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлнэ.
Мөн ойрын хугацаанд хоёр талын хооронд хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний түвшний айлчлал, тухайлбал, БНХАУ-ын дарга Си Зиньпинийн манай улсад хийх төрийн айлчлалын бэлтгэлийг хангах, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр талын харилцааны болон бусад харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл, санал солилцож, нэгдмэл ойлголтод хүрэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд, Монгол Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва нарт бараалхана.
Товч мэдээ
-Улаанбаатар хотод энэ оны 5 дугаар сард хуралдсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын II хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Ц.Оюунгэрэлд даалгалаа.
-Аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцууллаа. Иргэдийн ахуй амьжиргаа, ажил орлогыг нэмэгдүүлэх, авилга хүнд сурталтай тэмцэх, бүтээн байгуулалт гэсэн 3 гол шалгуур үзүүлэлтээр дүгнэхэд 2013 онд төлөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар аймгуудын удирдлага хүчин чармайлт гаргаж ажилласан нь аймгийн хөгжлийн үзүүлэлтийн өсөлтөөр харагджээ.
-Яамдын 2013 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүгнэлтийг Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг гишүүдэд танилцууллаа.
-Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг энэ сарын 22-26-нд ОХУ-д айлчлал хийхийг зөвшөөрч, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
-Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж тогтлоо.
-Бүгд найрамдах Итали улсын Милан хотноо зохион байгуулагдах “Экспо2015-Милан” дэлхийн үзэсгэлэнд оролцох ажлыг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.
-Их сургуулиудын хотхоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцээд дэмжихээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.