ОХУ Канадыг хожиж, шилдэг дөрөвт үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

ОХУ Канадыг хожиж, шилдэг дөрөвт үлдлээ

Словакийн Братислав хотод үргэлжилж буй шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын сүүлчийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Манай хойд хөрш ОХУ-ын шигшээ баг Канадын багтай хасагдах шатны тоглолтоо хийсэн бөгөөд 2:1 харьцаатай хожиж, хагас шигшээд өрсөлдөх эрхээ авчээ. Ингэснээр тэд хагас шигшээд Финляндын эсрэг тоглох бол, Чех Шведтэй учраа таарч байна.

Алексей Кайгородов болон Илья Ковалчук нар гоол оруулж, багтаа хожил авчирсан. “Хэн гоол оруулах нь надад чухал биш байсан” гэж ДАШТ-д анхны гоолоо оруулсан Ковалчук ярьжээ. “Бид зөвхөн ялахыг хүсч байлаа. Бид өнөөдөр маш сайн амрах хэрэгтэй, биднийг маргааш хүнд хэцүү тоглолт хүлээж байна.”
Канадын багийн хувьд энэ тэмцээнд хүлээж байгаа анхны хожигдол нь энэ болж байна. Харин ОХУ хэсэгтээ Германд ялагдал хүлээж байсан. Уг нь тэд тоглолтын эхний гоолыг оруулсан ч ердөө 10-хан минут дотор хоёр гоол алджээ. Цохилтоор ч илүү байсан. Оросын багийн хаалга руу тэд нийтдээ 37 удаа довтолсон бол хойд хөрш маань 20 удаа л цохисон ч хоёрыг нь оновчтой болгосон.

Ийнхүү ОХУ-ын шигшээ баг ДАШТ-д Канадыг хоёр жил дараалан хожиж байна. Өнгөрсөн жил тэд 5:2-оор илүүрхэж байлаа.

Score studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж