Завхан аймгийн Тэлмэн сум түүхэндээ анх удаа 2013 оны жилийн эцсийн мал тооллогоор 10480 адуу тоолуулжээ. Тэд энэ түүхэн үйл явдлаа тэмдэглэж зургадугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Түмэн адууны баяраа зохион байгуулах гэж байна. Монголчууд уламжлалт бэлчээрийн мал аж ахуйдаа адууг хэрхэн эрхэмлэн дээдэлж, өсгөж үржүүлж, амьдрал ахуйдаа хэрэглэж, хань ижлээ болгож ирсэн өв соёлыг харуулах, хөгжлийн хурдыг дагаад мартагдаад буй адууг дагасан ёс заншил, өв соёл, уламжлалыг шинэ цагийн залуу малчдад мэдрүүлэх зорилготой энэхүү баяраар олон үйл ажиллагаа явагдах аж. Тухайлбал, уламжлалт хэлбэрээрээ зургаан насны хурдан морьд уралдуулахаас гадна Завхан аймгийн аварга шалгаруулах “Адуучин”, “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн, шинэ залуу цоллоочдыг бэлтгэх зорилготой хурдан морь цоллох уралдаан, адууны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах юм. “Адуучин” тэмцээнийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ивээн тэтгэх гэнэ. Түүнчлэн 2009 оны “Очирваанийн хурд”-д айргийн гуравт хурдалсан, Тэлмэн сумын нэрийг цуурайтуулсан, тэдний бахдал болсон Аварга хээр мориныхоо хөшөөг залах аж.
ММСУХ-ноос 2014 оныг “Морьтой монгол наадам”-ын жил болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан Тэлмэн сумын ЗДТГ, “Тэлмэн нуур” уяачдын холбоо, морины комисс “Морьтойгоо наадацгаая” уриалга гаргасан байна. Энэ ч утгаараа хурдан морины уралдааныг зөвхөн манлайлагч, даамал, хүн эмнэлгийн гэсэн 4-5 тооны машин дагах гэнэ.
Дашрамд дурдахад, Түмэн адууны баярыг “Тэлмэн нуур” уяачдын холбооны тэргүүн П.Энхболд санаачилж, тус сумын Иргэдийн хурал дэмжсэн байна. Тус наадамд 90-ээд сая төгрөг зарцуулагдах аж.
У.Энхмаа
Эх сурвалж: www.todmagnai.mn/