Дарга нар гадаад томилолтын зардлаа хэтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

Дарга нар гадаад томилолтын зардлаа хэтрүүлжээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг сонссон юм. Тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад танилцуулсан юм.

Энэ үеэр төсөв ерөнхийлөн захирагчдын 65 хувь гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэн тухай байлаа. Тодруулбал, өнгөрсөн жил төсвийн ерөнхийлөн захирагчдын 65 хувь нь гадаад томилолтын зардлыг 2.2-558.3 сая төгрөгөөр, 11 төсвийн ерөнхийлөн захирагч гадаад зочны зардлыг нийт 1 тэрбум гаруй төгрөгөөр батлагдсан төсвөө хэтрүүлснийг аудитын байгууллага тогтоожээ. Энэ нь Төсвийн тухай хуулийн 14.3.-т “Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг … Засгийн газар, УИХ-ын өмнө бүрэн хариуцна”  гэсэн заалтыг зөрчсөн байна. Ингэхдээ 110 төсөвт байгууллагын 1341 ажилтан гадаадад томилолтоор ажилласан ба томилолтын зардалд нийт 4 тэрбум төгрөг буюу 1 хүнд дунджаар 3.3 сая төгрөг зарцуулсан аж. Тиймээс холбогдох байгууллагаас хэн гэдэг дарга хэдий хэмжээний мөнгөөр гадагшаа зорчоод хэдэн төгрөгөөр томилолтоо хэтрүүлснийг удахгүй олон нийтэд ил болгох юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж