C1 телевизээр Го.Бадарч гуайн хийсэн нэгэн нэвтрүүлгийг үзлээ. Эхнээсээ л захиалгат гэдэг нь тов тодорхой энэ нэвтрүүлгийн цаад зорилго нь монголчуудыг хагалан бутаргахад оршив уу гэх эвгүй сэтгэгдэл үлдээж орхив. Хэдийдээ ч геополитикч болчихсон юм бүү мэд, ямарч байсан миний мэдэхээр л кино судлаач, шүлэгч бичигч нар тэрхүү нэвтрүүлэгт оролцож, өөрөөсөө ахадсан сэдвээр том ярилцлага өгч байгааг нь хараад ичив. Үнэндээ ийм болохоороо Монгол Улс хөгждөггүй юм байна гэх бодол нэвтрүүлгийг үзэх явцад төрснийг нуух юун. Шүлэгч нь шүлгээ бичээд, киночин нь киногоо яриад дор бүрнээ өөрсдийнхөө ажлыг хийгээд явбал болох баймаар. Гэтэл бүгдээрээ улстөрч, геополитикч, эдийн засагч, эмч болчихоор Монгол хөгжиж чадах уу. Өнгөрсөн хугацаанд алдсан мөнхийн хөршүүдийнхээ итгэлцэлийг бий болгохын тулд багагүй зүтгэл гаргасан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айчлалын үр дүнг “будаа” болгож мэдэхээр яг үнэндээ бол дэндүү увайгүй нэвтрүүлэг байлаа.
Эцэст нь монголчуудыг дунд нь ингэж хагалан бутаргаж, мөнхийн хөршүүдтэй нь дайсагналцуулах нь хэнд хэрэгтэй юм бол гэсэн эзэнгүй асуулт энэхүү нэвтрүүлгийн дараа төрсөн юм.
“Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх Шинэчлэлийн Засгийн газрын бодлого магадгүй зарим нэгэн улстөрчдөд таалагдахгүй байж болно. Гэхдээ бид энэ сэдвээр хангалттай хэрэлдсэн, одоо зөвхөн урагшаа алхахаас өөр арга зам үлдээгүйг данс нь улайчихаад байгаа улсын санхүү маань шаардаж байна. Газрын доороо асар их баялагтай атлаа мөнгөгүй, ядуу амьдарч байгаа шалтгаан нь Монгол экспортын төмөр зам байхгүйд л оршиж буй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс л хараал идсэн царигаар асуудлыг уяхгүйгээр экспортын төмөр замтай болохыг эдийн засаг нэхэж эхэллээ. Зургаан жилийнхээ хөгжлийг зөвхөн энэ асуудлаас болж алдсан монголчууд одоо л нэг экспортын төмөр замаа барих ёстой гэдэг дээр байр суурь нэгдэж байна. Харамсалтай нь, үүнийг улстөржүүлж, монголчуудыг дотор нь "алалцуулах" бодлого хаанаас нисч ирсэн чулуу вэ гэх хардлага ч төрүүлж буйг нуух хэрэггүй биз.
Өнөөдрийн хувьд талх иддэг хүмүүс Монголын нийт өрхийн дийлэнх хувийг эзэлж буй бөгөөд тэд зургаан хэрчим талхныхаа нэгийг татварт, хоёрыг нь инфляцид идүүлж байна. Авч байгаа цалингийнхаа 25 хувийг ам.долларын өсөлтөд зарцуулж байна. Хэрэвзээ Монгол Улс төмөр замтай байсан бол монголчуудын амьдрал өнөөдрийн шиг тал талх худалдаж авах хэмжээнд очтолоо доройтохгүй байсан нь үнэн.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьснаар улстөрчдийн дундах хэрүүлийг улам дэврээж магадгүй боллоо. Ганц муу царигийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй эрлийз, хурлийзаараа бие, биенээ дуудалцаад, төмөр зам ч үгүй, мөнгө ч үгүй алтан дээр сандайлсан гуйлгачин хэвээрээ хоцрох аваас монголчуудын хохь. Зам дагаж орж ирэх мөнгөө царцаачихсан хүмүүс хоосон хонохоос ч яах билээ. Тэр үед энэ хэдэн геополитикч юу гэж ярих нь сонирхолтой.
Улс орны эв нэгдэл бол тусгаар тогтнолын үндэс суурь. Үүнийг Украины үйл явдал бидэнд харуулсаар байгаа. Эдийн засаг нь сүйрч, Сангийн яаманд нь сохор зоос ч байхгүй, тэтгэврийн сан нь гүн хямралд орсон дээр нь ОХУ хийн гэрээ нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн нь тус улсыг бүрэн шоконд оруулаад байгаа юм. Том гүрнүүдийн зодоонд өөрсдөө гүйгээд оччихсон эв түнжингүй хэдэн улстөрчдөөсөө болоод тус улсын ард түмэн ийнхүү өлсгөлөн ядуурлын зовлонг амсч байгаа хэрэг. Дээдэх суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг монгол зүйр үгийн утгыг Украин, Таиландын ард түмэн жинхэнэ утгаар нь ханатлаа мэдэрч буй. Бид тэдний зовлонг мэдрэх гээгүй юм бол дотоод эв нэгдлээ хамгаалцгаая. Улстөрчдийн тоглоом, хэрүүлийн золиос нь энгийн ард түмэн болдоггүй гэж үү.
Засгийн газрын бодлогоор “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд барих төмөр замын үндсэн сүлжээ нь өргөн, харин Тавантолгойгоос урагшаа тавих экспортын төмөр замыг нарийн царигаар тавихаар шийдвэрлэсэн. Энэ нь манай зарим геополитекчдийг айлгаж эхэлсэн бололтой, бөмбөрцөгийн наадамтай зэрэгцээд төмөр замын царигийн тухай хэрүүл хүчтэй өрнөх эхлэл энэхүү нэвтрүүлгээр тавигдав. Бидний дунд хаясан энэ ясыг л битгий үмхээд авчихаарай даа, монголчууд минь хэмээн захихад бас хүргэв. Эвт шаазгай буга барина гэж үг бий. Улстөрчдийн эв нэгдлээс улс орны хөгжил, тусгаар тогтнол хамаардаг билээ. Тэгэхээр улстөрчид минь одоо болно, маргалдаж ханалаа. Монголд энэ хэдэн улстөрчдийн хэрүүл дутаагүй, экспортын төмөр зам дутаж байна.
Ж.НЯМСҮРЭН