Боломжиндоо тааруулсан худалдаа

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

Боломжиндоо тааруулсан худалдаа

Монголын гадаад худалдаанд энэ он гарсаар эерэг дүр зураг ажиглагдах болсон. Гэвч нөгөө талдаа…

Өнгөрсөн жилээс жирийн иргэдийн амьдралд шууд мэдрэгдэх болсон эдийн засгийн хямрал үргэлжилсээр. Гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн сулрал, инфляцийн хөөрөгдөл, уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспорт багассан, зээлийн өрийн үлдэгдлийн зузаарал, орон сууц, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэд, аж ахуйн нэгжүүдийг туйлдуулахад хүргэж байна. Үүн дундаас эерэг дүр зураг гарч буй мэт үзүүлэлт эрхгүй сонирхол татна. Энэ бол гадаад худалдаа.

Монгол Улс дэлхийн 140 орчим улстай тодорхой хэмжээгээр гадаад худалдаа хийдэг гэдэг. Бараа, бүтээгдэхүүнээ гадагш худалдаж мөнгө олохоосоо илүү худалдаж авдаг монголчуудын боломж, бололцоо одоо ч хэвээрээ. Чухам үүнээс гадаад худалдааны алдагдал үүрч, худалдаа тэнцвэржиж чадахгүй байгаа. Тэнцэл алдагдана гэдэг нь бид бага үйлдвэрлэж,  доллараар гадагш зарсан бол түүнээсээ их доллараар гаднаас авч байна. Энэ утгаараа худалдааны алдагдал жилийн жилд тасралтгүй өсдөг бол энэ жилээс эерэг дүр зураг харагдах боллоо. Гэхдээ хоёр талтай байна.

Хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллийг дурдъя. Энэ оны эхний таван сарын байдлаар Монгол Улс дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4059.8 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 1927.9 сая ам.доллар, импорт 2131.9 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 51.4 сая ам.доллар буюу 1.3 хувь, импортын хэмжээ 336.1 сая ам.доллар буюу 13.6 хувиар буурч, харин экспортын хэмжээ 284.7 сая ам.доллар буюу 17.3 хувиар өсчээ. Ийнхүү монголчууд ихийг үйлдвэрлэж, багыг гаднаас худалдаж авчээ. Алдагдал энэ хэрээр буурах ёстой бөгөөд үүнийг сонирхов. Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний таван сард 824.7 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2014 оны эхний таван сард 204.0 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Хувь, хэмжээгээр харьцуулж үзвэл гадаад худалдааны алдагдал жилийн өмнөхөөс 620.8 сая ам.доллар буюу  75 орчим хувиар буурсан үзүүлэлт болох нь. Мөнгө яригдаж байгаа үед 10 хувийн өсөлт, бууралт ч байсан ихэд тооцогддог байтал 75 хувиар буурсан нь онцлууштай мэдээ.

Экспорт, импортын бүтээгдэхүүний задаргааг авч үзье. Энэ оны эхний таван сарын байдлаар экспортын хэмжээ дээр хэлсэнчлэн өнгөрсөн жилийнхээс 17.3 хувиар нэмэгдэхэд эрдэс бүтээгдэхүүний экспорт 239.5 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүнийх 45.2 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлөв. Импортын хэмжээ өнгөрсөн жилийнхээс 13.6 хувиар буурахад импортын дүнд өндөр хувийн жин эзэлдэг авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 232.6 сая ам доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 145.6 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн байх юм. Импортоор дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байгаа бүтээгдэхүүнийг гаднаас авахаас өөр аргагүй учир эд анги, тоног төхөөрөмжийн импортын дүн их байх нь ойлгомжтой. Гэтэл ер нь импорт буурчээ. Үүнийг зарим бодлого тодорхойлогчид сайн мэдээ гэдгээр онцолж, Монгол Улс худалдааны алдагдлаа нөхөж чадаж байна, үндэсний үйлдвэрлэл хөгжих замыг засч байна гэж ойлгуулахыг хичээж байна. Эдийн засагчид ч тодорхой хариултаа хэллээ. Тэднийхээр “Монголд мөнгө байхгүй учир худалдан авалтаа танаж байна”. Хүн олсон орлогынхоо хэрээр худалдан авалт хийдэгтэй адил улс маань хомсхон хөрөнгөөрөө импортолж буй. Ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш суларч, 1830 төгрөгт хүрч байхад импортын худалдааг танаж, дотооддоо нөөц боломжоо хайх боллоо. Энэ нь үндэсний үйлдвэрлэл “бор зүрхээрээ” хөгжих үндсийг тавьж буй ч эдийн засгийн чадавхи сул байна гэдгээр үүнийг тайлбарлаж болох аж.

Худалдааны тухай хуулийн сураг тасрав

Худалдааны тэнцэл түүхэндээ байгаагүйгээр сайжирч байгаа гэж өнөөгийн гадаад худалдааг тайлбарлаж түнэр харанхуйд ассан гэрэл мэт ойлгуулахыг хичээвч бодит байдал дээр худалдааны салбарт зохицуулалт үгүйлэгдэж байгааг эдийн засагчид хэлж байна. Худалдааны салбарт  дагнасан хууль эрх зүйн орчин өдийг хүртэл байгаагүй бөгөөд бусад хуулиудад шингээж иржээ. Тиймээс УИХ-ын зарим гишүүн есөн бүлэг, 29 зүйлтэй Худалдааны тухай хуулийн төслийг санаачилж боловсруулсан. Хуулийн төсөл анхдагч учраас бизнесийн байгууллага, бодлого боловсруулагчдын саналыг сонсохоор өнгөрөгч хоёрдугаар сард анхны хэлэлцүүлгийг хийсэн. Түүнээс хойш засч, сайжруулах олон саналыг тал бүрээс хэлж байсан бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж амжсангүй. Одоогоор сураг тасраад байна. Хуулийг тал бүрийн саналыг тусган зөв боловсруулан баталж чадвал, мөн макро эдийн засгийг тогтворжуулж чадвал худалдааны салбарыг эрчимжүүлж, улсад орж ирэх ашиг орлогыг нэмэгдүүлэх нь мэдээж юм.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж