Бразилаас биш Ногоон нуураас олдсон туршлага

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

Бразилаас биш Ногоон нуураас олдсон туршлага

Девтаат депутат нар өрөөл бусдын мөнгөөр өөрийн хувийн нүдээр үзэх хөлбөмбөгийн наадмыг тохиолдуулан Бразил, Кубыг зорьж очоод, хоосон том танхимын эзгүй ширээ сандлын доороос туршлага хайгаад олигтой юм олдохгүй зовж явна. Тэднийг алс далайн цаанаас үзэг цаас, зангиагүйгээр, 300 саяар туршлага хайж олохоор явсан хойгуур “Айлаас эрэхээр авдраа уудал”-тал шар тос гарч ирсэн мэт сайн мэдээ гараад байна. С.Өлзийтогтох гэдэг залуу Солонгост ажиллаж хураасан хувийн мөнгө, гэр бүлийн хадгаламж, авсан зээлээрээ нийтийн төлөө хаягдаж орхигдсон Ногоон нуурыг цэвэрлэж, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Ногоон нуурын усанд завиар аялахад хүүхэд 500, том хүн мянган төгрөг бол Бразилийн аялал 300 сая.  С.Өлзийтогтох иргэдийг төлөөлөх үүрэггүй, хүүхэд тоглуулах амлалт аваагүй, татварын мөнгөөр туршлага судлаагүй боловч Солонгост ажиллаж байгаад боломжийг олж харах, эрүүл бизнес эрхэлж, бүтээж байгуулах дадалтай болсон залуу ажээ.

“Өөрчлөлтийг өөрөөсөө” клубын Р.Мөнхзул “Цэвэр хот Цэмцгэр төлөөлөгч” мэтийн уриа дэвшүүлж сонгуульд оролцоогүй, бурхан тэнгэр амлаагүй ч буянтай үйлс хийж, бусдаас гудамж, орчноо бохирдуулахгүй байхыг шаардах зориг гарган, мянга мянган шэйр аваад байна. Усаар туйлагсад, байгальд хайртай мөртлөө хорлогчид, мухарлан сүслэгчдэд хандсан бүтээлч олон ажил хийхээр төлөвлөжээ. Р.Мөнхзул, С.Өлзийтогтох хоёрыг засаг захиргаа биш иргэд дэмжиж байна. Эрэл хайгуулын эзэд Иргэдийн төлөөлөгчдийг иргэд нь биш засаг захиргаа дэмжиж явуулсан байна. Хувийн өмчийг хорьдог Куба, хөлбөмбөгдөөд завгүй Бразилаас туршлага судлахаар мордсон арваад нөхөр тэндээ аялсаар байна. Хувийн санаачлагаараа хотоо цэмцгэр болгож байгаа залуучууд, гудамж цэвэрлэж буй америк бүсгүй эндээ ажиллаж байна. Ялгааг ол!

ЗӨГИЙН ТОЙМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж