Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудал өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшилж, түүний сэтгэлийг түр амраав. Түүнийг огцруулах асуудал орж ирэхийн өмнө Н.Батбаяр сайд тун ч их сандарч, МАН-ынхны картыг тоолж, ирцийг нь бүртгээд амжина лээ. Сөрөг хүчнийхний ирцийг бүртгэж, картыг нь тоолоод явж байхыг бодоход тэрээр энэ удаа огцорчих байв уу гэж хардмаар байлаа.
Гэвч УИХ-ын дарга З.Энхболд “сүүлийн сумаа тавьж” асуудлыг долоо хоногийн хугацаагаар хойшлуулснаар түүний сэтгэлийг түр амраасан юм. Хэрэв чуулганы хуралдаанаар хэлэлцсэн бол ирц сайтай байсан УИХ-ынхан түүнийг явуулчих ч байсан юм бил үү хэн мэдлээ. Ямартай ч түүнийг ирэх долоо хоногийн пүрэв гаригт хэлэлцэх боллоо. Харин энэ хооронд Н.Батбаяр сайд ажлаа сайн хийвэл суудалдаа үлдэх боломж ч бүрдэх юм. Сайдын суудлаас нь мултлах уу гэсэн асуулт гурван долоо хоногийн турш хариулт хайж, гурван ч удаа хойшилсон учраас ирэх пүрэв гаригт эцэслэн шийдэгдэх учиртай.
Ш.ОЧ