Бразилийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Дилма Русефф тус улсын нэр хүндтэй улстөрчдийн нэг бөгөөд улсынхаа 36 дахь ерөнхийлөгч юм.
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг зохион байгуулахыг эсэргүүцсэн жагсаал, ажил хаялт Бразилийн олон хотод өрнөсөн ч хүн төрөлхтнийг нэг хэлээр нэгтгэсэн Дэлхийн цомын тэмцээн дуу хуур, дуулиант гоолтой эхэлдгээрээ эхлэв.
Бразилд эрүүл мэнд, боловсрол, хэв журам, нийтийн тээврийн үйлчилгээ тийм ч сайнгүй байхад ДАШТ зохион байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийлээ гэх олон мянган эсэргүүцэгчдийн жагсаал, цуглаан, ажил хаялт үргэлжилсээр байна. Бразил хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээний эрх авсан өдрөөс өнөөдрийг хүртэл олон даваа, саадыг туулсан. Сан Паолу хот дахь шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлын явц удааширснаас болж Олон улсын хөлбөмбөгийн холбооноос /FIFA/ өнгөрсөн онд Бразилийн ДАШТ зохион явуулах эрхийг цуцалж магадгүй гэж хүртэл мэдэгдэж байсан билээ. Харин өнгөрсөн пүрэв гаригт /VI.13/ ДАШТ-ий хэсгийн тоглолт эхэлснээр олон хүний эргэлзээ тайлагдлаа. Эсэргүүцэгчид ерөнхийлөгч Дилма Русеффийг чөтгөр шулам руу нь тонилгохыг хүсч байгаа ч ДАШТ-ийг Бразилд зохион явуулахын тулд хамгийн их чармайлт гаргасан хүн бол энэ хатагтай билээ.
Бразил улс хөлбөмбөгийн ДАШТ-ийг хоёр дахь удаагаа зохион явуулж байгаа бөгөөд анх 1950 онд тэмцээнийг хүлээн авч байжээ. Ерөнхийлөгч Дилма Русефф ДАШТ болохоос хоёр хоногийн өмнө Бразилийн телевизээр бүх ард түмнээс хүн төрөлхтөний их баяр хөлбөмбөгийн ДАШТ-ийг хөгжөөн дэмжихийг уриалж, энэ агуу баяр наадмыг эсэргүүцэгч “гутранги” үзэлтнүүдийг буруутгасан мэдэгдэл хийсэн юм. Засгийн газрынх нь мэдэгдсэнээр Бразил улс өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарт 37.5 тэрбум ам.доллар зарцуулсан бол ДАШТ-д хүрэлцэн очсон шигшээ багуудыг хүлээн авах цэнгэлдэх байгуулахад нийт 2.7 тэрбум ам.доллар зарцуулсан гэжээ.
Тэмцээний эхний өдөр болсон Бразил-Хорватын тоглолтын өмнө Сан Паолу хотын Итакуэрао цэнгэлдэх хүрээлэн тийм ч дүүрэн үзэгчтэй байж чадсангүй. Харин эхний тоглолтод дэлхийн таван удаагийн аварга Бразилийн хөлбөмбөгчид өрсөлдөгч, 1998 оны ДАШТ-ий хүрэл медальт Хорватын багийг 3:1-ийн харьцаатай хожсоноор шүүмжлэлийн бай болоод байсан ерөнхийлөгч Дилма Русеффийн хувьд хонгилын үзүүрт гэрэл ассантай адил санагдсан нь мэдээж. Учир нь ирэх аравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөх Дилма Русеффийн рейтинг өнгөрсөн жилүүдэд тус улсад шил шилээ даган гарсан эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнөөс болж буураад байсан билээ. Хөлбөмбөгийн “Дэлхийн цом”-ын тэмцээн Дилма Русеффийн хувьд том дэнчин байх талтай. Бразил талбай дээрээ аваргын цом авч чадах эсэхээс олон зүйл шалтгаална. Хэрэв чадахгүй бол ДАШТ-ийг тэртэй тэргүй эсэргүүцэж байсан Бразилийн эсэргүүцэгч, жагсагчид түүнийг “тасчиж” хаяхад ч бэлэн байгаа билээ. Тиймээс Дилма Русефф өөрийн рейтингийг өсгөхөд эрх баригч, өөрийн гарч ирсэн Хөдөлмөрчдийн намаас илүү ДАШТ-д илүү найдлага тавьж байна.
Бразилийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Дилма Русефф тус улсын нэр хүндтэй улстөрчдийн нэг бөгөөд улсынхаа 36 дахь ерөнхийлөгч юм. Түүний аав үйлдвэрлэл эрхэлдэг болгар хүн аж. Дундаж давхаргын хороололд өссөн Дилма залуудаа зүүний социалист, Марксист хөдөлгөөнүүдэд нэгдэн, цэргийн дэглэмийг эсэргүүцсэн улс төрийн үзэл бодлоосоо болж, хоёр жил гаруй хугацаанд шоронд хоригдож байсан юм. Шоронгоос суллагдсаныхаа дараа Дилма Русефф Хөдөлмөрийн Ардчилсан нам байгуулалцаж, намынхаа хэд хэдэн сонгуулийн кампанит ажилд оролцсон юм. Шинэчлэгч ерөнхийлөгч гэгддэг Лулу де Сильвагийн Тамгийн газрын дарга байсан Дилма Русефф 2011 онд ерөнхийлөгчийн сонгуульд амархан ялалт байгуулжээ. 2011 онд Бразилд ядуурлын түвшин, нийгмийн тэгш бус байдал буурч, дундаж давхаргын эзлэх хувь нэмэгдэн, бүс нутагтаа болон олон улсын тавцанд мэдэгдэхүйц байр суурь, нөлөөтэй болсон байлаа. Гэвч түүнийг ерөнхийлөгч болсноос хойш нэг жилийн хугацаанд инфляци өсч, гол түүхий эдийн үнэ унаснаас Бразилийн эдийн засгийн өсөлт удааширсан гэхэд болно. Харин хатагтай ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд ажилгүйдлийн хэмжээг өсгөлгүй барьж, авлигатай хайр найргүй тэмцсэн юм. Өнгөрсөн онд Бразилд нийтийн тээврийн тасалбарын үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн орон даяар өрнөв. Сая гаруй хүн төрийн албаны үйлчилгээг сайжруулах, орлогын тэгш бус хувиарлалтыг арилгах, Засгийн газрын зардлыг танах шаардлага тавьж, гудамжинд жагсах болсон юм.
Одоо улс төрийн зарим шинжээчид ДАШТ-д Бразил хэсгээсээ гарч чадахгүй бол энэ нь эсэргүүцэгчдийн жагсаал, ажил хаялтыг улам гааруулж, эцэст нь түүнийг суудлаас нь огцруулах хангалттай шалтгаан болно гэж үзэж байна. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний өдөр жагсагчид болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн үүссэн нь ч үүнийг батлах мэт. Дээрхтэй адил хэдэн зуун мянган эсэргүүцэгчийн жагсаал, хөдөлгөөн Рио-де-Жанейро, Порту Алегри, Белу-Оризонти зэрэг хотод ч мөн гарчээ. Гэвч бразилчууд бүгдээрээ ДАШТ-ийг эсэргүүцэж байна уу гэвэл тийм биш юм. Рио-ди-Жанейро хотын өмнөд дэх Копакабанагийн эргийн дагуух худалдааны төв, дэлгүүрийн эзэд дэлгүүрээ эрт хааж, олон сая иргэд тэмцээн үзэхэд ихэнх цагаа зарцуулж байна.
Дэлхийн таван удаагийн аварга Бразил зургаа дахь удаагаа аваргын цомын эзэн болж чадвал ард түмний уур хилэнг бага ч атугай намжаах бөгөөд хатагтай ерөнхийлөгч дахин сонгогдох эсэх ирээдүй ч үүнээс шалтгаалах биз ээ. Тэр зоригтой юм. Хөлбөмбөгийн ДАШТ, 2016 оны Зуны олимпийн наадам гээд спортын хамгийн том баяр наадмууд хатагтай Дилма Русеффийн өмнө байна.
Н.ЭНХТУЯА
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №066