Могойн гол станц барих концессын гэрээг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Могойн гол станц барих концессын гэрээг байгуулжээ

Төрийн өмчийн хороо Могойн голын дулааны цахилгаан станцыг барих-ашиглах-шилжүүлэх онцгой эрх олгох концессын гэрээг “Шинэ Азиа Майнинг групп”-тэй байгуулжээ.  Гэрээнд ТӨХ-ны дарга Д.Сугар, “Шинэ Азиа Майнинг групп”-ын захирал Л.Төрбаяр нар гарын үсэг зурж баталгаажуулах ёслолын ажиллагаа өчигдөр болсон байна.
Могойн голын дулааны цахилгаан станц барих концессын гэрээ нь Концессын тухай хуулийн дагуу хийгдэж байгаа анхны концессын гэрээ бөгөөд концессын барих- ашиглах- шилжүүлэх төрлөөр, станцыг барьж байгуулахад хоёр жил, ашиглаж, үйл ажиллагаа явуулахад 20 жил нийт 22 жилийн хугацаатай байх ажээ.
Гэрээний хугацаа дуусахад дулааны цахилгаан станцыг төрийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэх ба энэ хугацаанд улсын төсвөөс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй, концесс эзэмшигчээс нийт 110 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд ашиглалт, үйл ажиллагаанаас гарах эрсдэлийг концесс эзэмшигч өөрөө бүрэн хариуцах гэнэ.
Дулааны цахилгаан станцыг Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт барих ба нүүрсээ Могойн голын нүүрсний уурхайгаас тухайн жилийн зах зээлийн үнээр худалдан авч, үйлдвэрлэсэн эрчим хүчээ Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу зохицуулалттай үнээр эцсийн хэрэглэгчдэд хүргэх юм. Энэхүү концессын гэрээний дагуу дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулснаар 300 орчим ажлын байр шинээр бий болох, Могойн голын нүүрсний уурхайн борлуулалт жилд 15,000 тн байсан бол 200.000 тн болж нэмэгдэх, Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, эрчим хүчний систем хоорондын цахилгааны урсгалыг техникийн хувьд зүй зохистой, аюулгүй, эдийн засгийн үр ашигтай удирдах, Завхан, Говь-Алтай аймгуудад эрчим хүчний станцын дизель түлш худалдан авахад зориулан улсын төсвөөс жил бүр олгогдож ирсэн 13 орчим тэрбум төгрөгийн татаасыг хэмнэх ач холбогдолтой юм.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж