Эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлж эхэллээ

Монгол Улсын Дээд шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Япон улсын “Жайка” олон улсын байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Иргэний болон гэр бүлийн хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг ашиглах нь” төсөл Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн шүүх, хөдөөд Дархан-Уул аймгийн сум дундын шүүх дээр 2011 оны энэ сарын 3-ны өдрөөс хэрэгжиж эхлэв.
Эвлэрүүлэн зуучлал ажиллагаа гэдэг бол эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар маргааны талууд бодит нөхцөл байдалд тохирсон шийдэлд хүрэхийн тулд харилцан ярилцаж, түүний үр дүнд талууд сэтгэл хангахуйц, санал нэгдсэнээр маргааныг шийдвэрлэх ажиллагаа юм.
Эвлэрүүлэн зуучлагч нар нь өндөр төвшний мэдлэгтэй, ёс зүйтэй, ур чадвартай, мэдрэмжтэй, харилцааны арга зүйг эзэмшсэн, мэргэжлийн дадлага туршлагатай, аливаа асуудалд хүлээцтэй ханддаг, тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой байдаг.
Зуучлалын зорилго нь юу байх вэ? Зуучлалыг амжилттай явуулахад эвлэрүүлэн зуучлагч туслах үүрэгтэй, харин талууд харилцан ярилцаж, тохиролцоонд хүрч эвлэрэх нь чухал болох, мөн асуудлаа амжилттай шийдвэрлэж эвлэрэх нь хамгийн эцсийн зорилго юм. Мөн талууд харилцан тохиролцож, зөв шийдэлд хүрч чадахгүй бол зуучлал амжилттай болж чадахгүй гэдгийг ойлгуулах.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог:

1. Ажиллагааны хувьд харьцангуй хялбар. Өргөдөл гаргахад эрх зүйн болон онцгой мэдлэг шаардахгүй.
2. Асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх боломжтой. Талуудын аль аль нь сэтгэл ханамжтай шийдэлд хүрэхээр харилцан ярилцсанаар маргааныг шийдвэрлэдэг.
3. Хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд хэмнэлттэй.
4. Нууцыг чанд хадгална. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хаалттай явагддаг тул бусдад мэдэгдэхийг хүсээгүй ямар ч асуудлаар хандах боломжтой.
5. Маргалдагч талууд ажиллагааны явцыг хянах боломжтой.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явагдаж тохиролцоонд хүрч чадсан тохиолдолд тохиролцооны агуулгыг эвлэрлийн гэрээнд бичгийн хэлбэрээр тусгаж болдог. Түүнчлэн, шүүхийн шийдвэртэй адил хэмжээнд хүчин төгөлдөр болгож болно.
Тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх иргэдэд нээлттэй үлдэнэ.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж