“Монголын эдийн засгийн форум” ТББ-аас зохион байгуулж буй “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт 2014” форум өнөөдөр 19.00 цагт Их тэнгэрт эхэлнэ. Форумыг нээж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэх юм байна. Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг бүх салбарт татах зорилгоор энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Гурван өдөр үргэлжлэх уулзалтад маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно.
Дээд хэмжээний уулзалтад Австрали, БНХАУ, ХБНГУ, Энэтхэг, Япон, ОХУ, АНУ зэрэг 20 гаруй орны хөрөнгө оруулагчид оролцохоор бүртгүүлжээ. Дотоодын хөрөнгө оруулагчдаас “Цагаан суварга”, “Занаду Майнс”, “Номадс”, “Гацуурт” зэрэг компаниуд оролцож байгаа аж. Гадны хөрөнгө оруулагчдад төмөр зам, Тавантолгой цахилгаан станц, мах боловсруулах үйлдвэр, Эгийн голын усан цахилгаан станц, хурдны зам болон цементийн төслүүдийг танилцуулах юм байна.
Ш.ОЧ