УИХ-аас хоёр ч удаа буцаж байсан, 1992 оноос өмнөх хуулиудаас өөрчлөгдөж чадаагүй ганц хууль нь Газрын тосны тухай хууль. Энэ хууль чуулганы хуралдаанд хоёр удаа орж ирсэн ч унаж, гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн тавдугаар сард эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлагдахын өмнө 32/32 гишүүний саналаар унаж байсан. Энэ хууль батлагдаж чадаагүйн гол буруутан нь Засгийн газрын гишүүд гэх нь бий. Учир нь, Засгийн газар өргөн барьсан Газрын тосны тухай хуулиа бүтэн жилийн хугацаанд хэлэлцэж, ажлын хэсэг байгуулж ажилласныхаа дараа унагаж орхисон юм. Ганц хоёрхон сайд хуулиа хамгаалах гэж суусныг эс тооцвол сайд нар эл асуудлыг хэлэлцэх үед байгаагүй. Энэ нь ч санал хураалтад нөлөөлж, хуулийн төсөл унасан. Хэрэв энэ хууль батлагдсан бол Монгол Улсын газрын тосны ашгаас хүртэх 24 хувь хэмжээ өсөх, газрын тосны төлбөрийг Монголын банкаар дамжуулах гээд олон боломж бүрдэх байлаа.
Засгийн газраас унасан Газрын тосны шинэчилсэн найруулгын төслийг дахин оруулж ирэхдээ хуульд зарим нэг өөрчлөлтийг хийсэн нь гишүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Шинээр оруулж ирсэн Газрын тосны хуульд олон зөрчил бий гэдгийг хэлэх хүмүүс бий. Тухайлбал, Монгол Улсад 17 компани 22 талбайд газрын тосны хайгуул, олборлолт хийж байгаа. Гэтэл үүнээс Хятадын төрийн өмчит “Петрочайна Дачин Тамсаг” компани нь Монгол Улсын газрын тосны нийт олборлолтын 85-90 хувийг эзэлдэг 19 дүгээр талбайгаас 1993 оны гэрээний дагуу ганцаараа Байгалийн нөөц ашигласны төлбөрөө /рояалти/ “0” хувь буюу огт төлдөггүй. Хэрэв нийт газрын тосны 90 хувийн нөөцтэй 19-р талбайгаас нөөц авбал бидэнд багагүй орлого төвлөрөх боломж бүрдэнэ. Гэвч шинэ хуулинд рояалти төлөх боломжийн талаар тусгаагүй байгаа юм. Түүнчлэн газрын тосны олборлолт маш өргөн уудам нутаг дэвсгэрийг хамардаг, тус 19 дүгээр талбайн газар болох Дорнод аймгийн байгаль орчныг сүйтгэж, асар их хохирол учруулж байгааг нутгийн иргэд хэлдэг. 2012 онд “Петрочайна Дачин Тамсаг” компанийн тавьсан түймрээс болж хэдэн мянган га бэлчээрийн талбай шатаж, бэлчээргүй болсны улмаас Халхгол сумын малчид зуданд нэрвэгдэн, 26 мянга гаруй толгой малаа алдсан гээд нутгийн иргэдийн гомдол тасардаггүй байна. Гэвч Дорнод аймаг, тэр дундаа Халхгол сум байгалийн нөөцөө ашиглуулсны төлөө газрын тосны нөөцөөс нэг ч төгрөг хүртдэггүй байсныг өмнө нь унасан хуульд тусгасан байсан. Гэвч шинэ хуулинд үүнийг тусгаагүй байгаа ажээ.
Дэлхийн бусад орон газрын тосны баялгаасаа хэдэн хувийг хүртдэг бол… Монгол Улс шиг газрын тосны нөөцийнхөө 90 хувийг гадны компанид ашиглуулж байж 24 хувийн ашиг эзэмшдэг улс бий болов уу. Нөөцийн хувьд манайхтай ойролцоо Норвеги улс гэхэд 78 хувийн ашиг хүртдэг бол Индонез улс 71, Австрали 60 хувь эзэмшиж байна. Харин дэлхийн бусад улс орны жишиг 50 хувь байхад манай улс 24 хувь байх жишээтэй. Өмнө нь өргөн баригдсан хуулинд Монголын эзэмших хувийг 50 хүртэл хувь болгох санал орж ирснийг УИХ-ын гишүүд дэмжээгүй. Шинэ хуулинд энэ талаар тусгаагүй байгаа юм байна.
Монголын хувьд ийм муу гэрээ, Хятадын хувьд бөөн олз ашиг, хаа ч байхгүй хөнгөлөлт эдэлж буй гэрээ гэдгийг энэ хуулийг эсэргүүцэгч гишүүд хэлж буй. Энэ алдагдалтай гэрээг өөрчлөн хуулиа сайжруулахаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг ахлан олон сар ажилласан ч хууль батлагдах эцсийн хэлэлцүүлэгт санал тэнцэн унасан нь эрх баригчдын санаатай үйлдэл гэх гишүүд ч бий. Шинээр өргөн барьсан Газрын тосны хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалж байгаа. Өнгөрсөн мягмар гаригт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийг хэлэлцэн дэмжсэн болохоор УИХ түүнийг дахин унагах уу, эсвэл батлах уу гэдгийг удахгүй шийдэх биз ээ.
Ш.ОЧ