Манаачийг хэн манах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

Манаачийг хэн манах вэ?

Таван сая төгрөгийн арван мянган бэлгэвч “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахаас олдсон гэх инээх ч биш, ханиах ч биш асуудал өнгөрсөн хавар олны нүдийг орой дээр нь гаргах дөхсөн юмдаг. Цаашлаад үсний хавчаар, тосон бал, ариун цэврийн хэрэглэл гээд ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь олдож, өнгөрсөн жилүүдэд МАН-ын дарга нар “саалийн ганц үнээ”-гээ турж унахаас наагуурхан сааж байсан гэдэг нь илэрхий болсон.    Ажилчид нь насаараа хэрэглээд ч дуусамгүй энэ их бэлгэвчийг хэний гарын үсэгтэй “шахсан” нь хэдийгээр нууц хэвээр үлдсэн ч төрийн өмчит компаниудын хөрөнгө мөнгө иймэрхүү байдлаар урсч алга болдгийн тод жишээ юм. Чухамдаа бол төрийн өмчит компаниудын мөнгө гэхээсээ тэр нь баялаг бүтээгчдийн цуглуулсан хөрөнгө шүү дээ. Төрийн өмчийн компаниудын данс нь улайж, дампуурах шахаж байгаагаа байнга л зурагтаар мэдээлдэг атлаа амь тавьдаггүй”, дарга нь хэдэн арван сая долларын машин унаад зугаацаж байдаг цаад шалтгаан нь ердөө улсын мөнгө уйлдаггүйд л байгаа хэрэг.


 

Хонио чононд хадгалуулахгүй

Чононд хонио хадгалуулах биш эзэнд тушаачихвал эдийн засгийн үр ашгаа бодсон ч илүү дээр хувилбар. Иймээс л  УИХ-аас авсан үүрэг даалгаврынхаа дагуу Засгийн газар Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд төрийн өмчийг эзэнжүүлэх ажлыг хийхээр болсон. Тэгвэл өчигдөр Төрийн өмчийг хувьчлах хуулийн төслийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж УИХ-д өргөн барилаа.

Хоноцын сэтгэлээр ханддаг дарга нараасаа болж олон жилийн турш татвар төлөгчдийн мөнгөөр тэжээлгэж ирсэн “чиргүүл”-үүдээсээ төр салж, хувьчлах, эзэнжүүлэх нь өнөөдрийн хувьд хамгийн зөв арга хэмжээ байхыг үгүйсгэхгүй. Учир нь, сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн их алдагдалтай ажилласан гэх МИАТ компанийн данс болоод дарга нарын эдэлдэг хөрөнгө хоёрын хооронд ямар ялгаатай байсныг Ч.Хоролсүрэн нарын хэргээс харчихаж болох юм. Мөн “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн дарга А.Шоовдор нягтлан, бусад удирдлагатайгаа нийлж 38 тэрбум төгрөгийг идэж уусан хэрэг гарсан. А.Шоовдор нь Сингапурт найман өрөө байр, хувийн хаустай нэлээд тансаг амьдардаг гэх яриа хүртэл гарч байлаа. Түүнчлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дарга нар хүртэл улсын мөнгө идсэн уусан хэргээр шалгагдаж байсан удаатай. Тэгэхээр төрийн өмчийг эзэнжүүлэх нь төсвийн мөнгөнөөс угжуулдаг дампуурсан компаниудын дарга нарын түрүүвчийг хумихад ч том дэмжлэг болох нь гарцаагүй. Наашаа харж уйлж, цаашаа харж инээж байгаад төсвийн мөнгөнөөс хумсалдаг дарга нарын тоо цөөрнө. Татвар төлөгчдийн мөнгөөр ах, дүү хамаатан саднаа тэжээдэг үзэгдэл байхгүй болно.

Хуулийн төслийг харвал олон жилийн турш байнгын алдагдалтай ажиллаж ирсэн, “Монгол шуудан”, “Монголын цахилгаан холбоо”, “МИАТ”, “Шивээ-Овоо”,”Багануур” бүгд эзэндээ очихоор болж байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг эзэнжүүлэх гол зорилго нь хуулийн төсөлд дурдсаны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах боломжийг дээшлүүлэн, хувийн хэвшлийн оролцоо давамгайлсан төрийн өмчийн оролцоотой компанийн хэлбэрт оруулан улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэж буй юм байна.

Эзэнтэй ч юм шиг, эзэнгүй ч юм шиг явж ирсэн төрийн өмчийг хувьчлах нь төсвийн мөнгийг хэмнэхээс гадна, төрийн компанийг хувийн компани шигээ санаж, ах дүү хамаатан саднаараа идэж уудаг, наргиж цэнгэдэг, эцэст нь хэн ч хариуцлага хүлээдэггүй үлддэг явдлыг халах болно. Энэхүү төрийн өмчийг эзэнтэй болгох асуудал эдийн засгийн хувьд хүлээлт байсан гэж дүгнэж болно. Мэдээж, хувьцаа гаргах замаар олон нийтийн өмч болгож, хэн нэгэнд тодорхой хувийг зарлаа гэхэд тухайн хүний хяналт тэр өмчид орж ирнэ. Төрийн дарга нарын хяналтгүй зарцуулдаг мөнгөний эрх байхгүй болж байгаа нь татвар төлөгчдийн баялгийг хамгаалах цорын ганц арга билээ.

Компани нь тэрбум, тэрбумын алдагдалтай байхад дарга нь “даам” гараад явахгүй нь тодорхой. Ядаж л орж ирэх мөнгөний тал нь юунд зарцуулсан, хэн ямар хамаатан саднаа ажлуулж байгааг хянадаг, шалгадаг зохицуулалттай болно шүү дээ. Түүнээс хэн нэгэн даргын хамаатан садан гэдгээрээ түрий барьсан чадваргүй хүмүүсээр төрийн өмчит үйлдвэрүүд дүүрчихсэн байгаа гэвэл худлаа болохгүй байх.

Төрийн өмчийг хувьчлах хуулийн төсөлд дурдсаны дагуу зарим компанийг бүрэн хувьчлах, заримынх нь тодорхой хувийг хувьд шилжүүлэх, хувьцаа гаргаж олон нийтийн өмч болгох замаар асуудлыг шийдвэрлэдэг дэлхийн жишгийг хэрэглэхээр болжээ. Мэдээж, хэн нэгэн даргын гэр бүлийг тэжээх хэрэгсэл болсноос эзэнд нь хувьчилчихаад хуулийн дагуу татваруудаа аваад явж байх нь төрд ч,  татвар төлөгчид ч , ард түмэнд ч хэрэгтэй. 

Дарга нарын “түрийвч”-ийг хувьчлах уу?

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Цагаан шонхор”, “Оргил рашаан сувилал”, “Кино урлагийн дээд сургууль”, ”Авто импекс” зэрэг есөн газрыг бүрэн хувьчлах бол “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих юм байна. Харин “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” /төрийн өмчит үйлдвэрийн газар/-г компанийн хэлбэрт шилжүүлж, компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг үе шаттайгаар хувьчлах, “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжих, “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих, “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувь байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулагчдыг татах, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар хувьчлах, “Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 20 хүртэл хувьд ногдох хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр арилжих, “Багануур” хувьцаат компанийн нийт хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих аж. Эндээс харахад дандаа дарга нар нь идэж уусан гэх хэрэгт холбогддог компаниудыг Засгийн газар эзэнтэй болгохоор зориг шулуудсан бололтой. Ингэснээр манаачийг хэн манах вэ гэж  зовох шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, хоттой хонио харсаар байгаад хулгайд алдчихдаг манаач төрд хэрэггүй болно гэсэн үг.

 Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж