Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд төрийн хүнд суртлыг багасгаж, бизнес эрхлэгчдэд таатай боломж олгох зорилгоор Засгийн газар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг санаачлан боловсруулсныг өчигдрөөс УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төсөлд зөвшөөрлийг “Онцгой зөвшөөрөл”, “Тусгай зөвшөөрөл”, “Энгийн зөвшөөрөл” хэмээн гурав ангилсан байна. Ингэхдээ “Онцгой зөвшөөрөл”-ийг 30 хоногт, “Тусгай зөвшөөрөл”-ийг 14 хоногт, “Энгийн зөвшөөрөл”-ийг долоо хоногт багтаан олгохоор тусгасан юм байна. Гэхдээ дээрх зөвшөөрлийг олгох эрх бүхий субьект нь өөр, өөр. Тухайлбал, “Онцгой зөвшөөрөл”-ийг Засгийн газар юм уу, Засгийн газрын гишүүн олгох, “Тусгай зөвшөөрөл”-ийг яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний харьяа газар хэлтсүүд олгох бол “Энгийн зөвшөөрөл”-ийг тодорхой болзол хангасан баримт бичгийг бүрдүүлсэн тохиолдолд төлөөлөх ажилтны шийдвэрээр шууд олгохоор тусгажээ.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийт 17 чиглэлээр 172 нэр төрлийн тусгай зөвшөөрөл олгохоор заасан ч зөвшөөрөл олгох эрх бүхий 54 байгууллага 914 төрлийн тусгай зөвшөөрөл олгодог аж. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл нь дотроо задарсаар дээрх тоонд хүрдэг юм байна. Тиймээс Засгийн газраас боловсруулсан дээрх төсөлд зөвшөөрлийг ангилж, хуульд зааснаас бусад тохиолдлоор зөвшөөрлийн тоог нэмэх, хасахыг бүх шатанд хориглож өгчээ.
Уг хуулийн төсөлд юуг анхаарч тодорхой болгон зохицуулах шаардлагатай байгаад УИХ-ын гишүүд ямар байр суурь баримталж байгааг онцолъё.
“Эрх шилжүүлэлтийг тодорхой болгох ёстой”
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Шинэчлэлийн Засгийн газрын нэн тэргүүнд хийх ёстой, анхаарах гол асуудлын нэг нь зөвшөөрлийн тухай асуудал байсан. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Гол нь Зөвшөөрлийн тухай хуульд эрх шилжүүлэх асуудлыг тодорхой болгох ёстой, энэ асуудал маш ерөнхий заагдсан байгаа. Эрх шилжүүлэх зарчим нь лиценз, зөвшөөрөл олгож байгаа үйл ажиллагааг хөнгөвчлөх, шуурхай болгох, орон зайнаас хамааралгүй болгоход чиглэх ёстой. Наад захын жишээ татахад, орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд эрх шилжүүлэх болоход аймаг руу эсвэл Улаанбаатар хотод ирж төрийн албан хаагчийг царайчилах болдог. Ингэж явдал суудал болгохгүйгээр эрх шилжүүлэлтийг шийдэх механизмыг оновчтой болговол хүнд суртал багасна.
Хоёрдугаар асуудал нь, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа, эсвэл сонгууль болсны дараа агентлагийн шинэ дарга томилогдсоны дараа зөвшөөрлийг цуцлах тохиолдол гардаг. Хууль бус үндэслэлээр, хууль бус нөхцөлөөр зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуйн нэгжүүд маш ихээр хохирдог. Ийм шалтгаанаар хохирсон аж ахуйн нэгжийн хохирлыг яах юм, мөн ийм байдалд оруулсан төрийн албан хаагчид ямар хариуцлага тооцох вэ гэдгийг хуулийн хүрээнд тодорхой болгох шаардлага байна.
“Зөвшөөрлийн жагсаалтыг хуульчлах нь хатуу нөхцөл үүсгэж болзошгүй”
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Зөвшөөрлүүдийн жагсаалтыг хуульчлах нь дураараа нэмж, хасаад байхааргүй орчин бүрдүүлэхэд анхаарч байх шиг байна. Гэхдээ энэ нь хэт хатуу уян хатан биш нөхцөл үүсгэчихэж болзошгүй. Мөн мэргэжлийн боловсролын байгууллага байгуулах зөвшөөрлийг Боловсролын яам хариуцдаг байхаар зохицуултаа тусгаж өгөх ёстой. Ингэхгүй бол хэдэн дадлагын модон байр барьчихаад түүн дээрээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл авах гээд хувийнхан нь зүтгээд бодлого алдагдаж болзошгүй. Мэргэжлийн боловсролын байгууллага байгуулах зөвшөөрлийг Хөдөлмөрийн яам өгөх нь буруу учраас томъёоллоо эргэж хараасай гэж хүсч байна.
“Тусгай зөвшөөрөл авахад шаарддаг гарын үсгийг цөөрүүлэх ёстой”
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
– Аливаа нэг зөвшөөрөл авахад маш олон гарын үсгийг зуруулах шаардлагатай болдог, энэ асуудлыг цэгцлэх ёстой. Тухайлбал, тэсрэх дэлбэрэх бодисын тусгай зөвшөөрөл авахад төрийн 5-6 агентлагиас эрх авдаг. Тэр олон газраас авах гарын үсэг энэ хуулийн хүрээнд багасах боломжтой юу гэдгийг хуулийг хэлэлцэх шатанд анхаарах шаардлагатай байна.
Хоёрдугаарт, хуулийн төсөлд зөвшөөрлийг барьцаалах үйл ажиллагаатай холбоотой заалтыг бичсэн байна. Хэлэлцүүлгийн шатанд энэ асуудлыг олон талаас нь харж нийтийн өмч түүнийг ашиглах, эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ ямархуу байдлаар явуулах вэ гэдгийг нарийвчлах ёстой болов уу.
Тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гардаг асуудлын нэг нь төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан хохирлыг яах вэ гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас аж ахуйн нэгж, иргэн хохирсон бол хохирлыг хэн хариуцах вэ, яаж хохирлыг эргэн төлөгдөх вэ гэдэг асуудлыг тодорхой заалтаар зааж өгөх ёстой.
Мөн Тусгай зөвшөөрөл олгох хугацаа цаад тал нь 14 хоног гэж үзэж… Гэхдээ барилга барихад авдаг 10 гаруй зөвшөөрлийг нэгийг нь 14 хоногоор тооцоход дахиад жилийн хугацаа шаардаж мэдэхээр байна.
“Орон нутгаас олгож байгаа зөвшөөрлийн тоо хэтэрчихээд байна”
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:
-Цаг үеэ олсон маш чухал хуулийн төслийг Засгийн газар санаачлан УИХ-д оруулж ирснийг хэлэлцэж байна. Саяхан эмэгтэй гишүүдийн төлөөлөл Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдтэй уулзсан. Маш их дарамт байна. Жишээ нь Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд хоолны газар ажиллуулдаг эмэгтэй сарын түрээсэндээ 1 сая төгрөг төлж байна. Худалдаа аж үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийн гэрээг Засаг даргатай байгуулдаг, хугацаа нь ердөө нэг жил байдаг. Хугацаа нь богино учраас гэрээгээ сунгуулахаар дахин явдаг, ингэхийн тулд 10 гаруй баримт бүрдүүлж байна. Галын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай гэрээ байгуулах ёстой, дээр нь хогны гэрээ байгуулна. Ажлаа хийх ёстой ч өдөр болгон хяналтын байгууллагынхантай уулзах шаардлага үүсдэг. Очихоор хүмүүс нь ажлын байран дээрээ байдаггүй, нэг хүний араас 7-10 хоног явдаг. Арай гэж олж уулзахаар та тэд хоонгийн дараа буцаж ир гэдэг.
Ер нь бол дүүргүүдийн, орон нутгаас олгож байгаа зөвшөөрлийн тоо хэрээс хэтэрчихээд байна. Зөвшөөрөл олгодог арав гаруй байцаагч нар дандаа үнэгүй хоол иддэг, дээр нь ганцаараа ирдэггүй найз нөхөд, ах дүү хамаатан садан, гэр бүлтэйгээ ирж үнэ төлбөргүй хоол иддэг. Жижигхэн хоолны газар баахан төрийн албан хаагч нарыг үнэгүй хооллосоор байтал ашиг гардаггүй. Хэрвээ би хоолны газрыг зарлавал тэдэнд дарамтад учруулаад хаалгаа барина.
Чингэлтэй дүүрэгт нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг газар очлоо. Мэргэжлийн хяналтын байгууллага долоо хоног тутамд ирж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс нь дээж авдаг юм байна. Дээж авах бүрийдээ хоёр том бялууг авдаг. Хайрцаг саванд хий, чимэглэ гэж шаарддаг. Миний бодлоор тэр байцаагч нар төрсөн өдөр тэмдэглэхдээ дээж нэрээр бялууг үнэгүй авдаг болов уу гэж бодож байгаа. Энэ мэтчлэн жижигхэн бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд маш их дарамт дор үйл ажиллагаа эрхэлж байна. Тэгэхээр зөвшөөрөл өгдөг хүмүүс нь нэг дор сууж, дарамт учруулахгүйгээр зөвшөөрөл олгодог болмоор байна.
Г.ДАРЬ