УИХ-ын гишүүн Д.Ганбат “сураггүй болов”

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Ганбат “сураггүй болов”

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, даргаа томилох ёстой байсан юм. Гэвч тус байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Д.Ганбат байнгын хорооны хуралд ирсэнгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй тус бүлгийн гишүүд сураггүй болсон нэр дэвшигчээ Төрийн ордноор нэг хайгаад олоогүй аж.

Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын тамга гардаад удаагүй байгаа УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгөөгүй байсан учраас асуудлыг хэлэлцэх боломжгүй болгож даарь дээр давс цацсан хэрэг болов.

Ингэхэд өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн час өдөр таараагүй байгаа даа.

Үдээс өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат ажилдаа ирсэн л байсан, гэтэл өөрийг нь Хууль зүйн байнгын хорооны даргаар томилох болохоор алга болчихдог. Хүсэхэд хясал гэгчээр Ш.Түвдэндорж сайд өнөөдрийг хүртэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй явж байхаар ч яадаг юм. Тийм л их ажилтай яваа юм байхдаа. Ингэхэд шинэхэн сайд “гурван давхар дээл”-ээ тайлах сонирхолгүй яваа юм биш байгаа даа. Үүнийг нь Д.Ганбат гишүүн гадарлачихаад уур нь хүрээд алга болоод өгсөн ч юм билүү, хэн мэдлээ. Бүлгийнх нь гишүүд дэмжихээ илэрхийлчихсэн байхад алга болчихоор яадаг байна даа гэж… Эсвэл хэд хоног бодсоны эцэст УИХ-ын Хууль зүйн байнгын хороог удирдаж барахгүй нь гээд явсан юм болов уу.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж