
Хуулийн төсөлд химийн хорт бодис хилээр нэвтрүүлэхэд тухайн бодис ямар ангилалд багтах эсэхээс шалтгаалан нэг тонн тутамд 3-10 сая төрөгийн татвар ногдуулахаар тусгасан байна. Мөн ховор ан амьтдыг хилээр гадагш гаргахад 250 мянган төгрөгийн, мансууруулах үйлчилгээтэй эм зэргийг худалдаалахад 50 мянган төгрөгийн татвар ногдуулахаар тусгасан нь зарчимд нийцэхгүй гэсэн шүүмжлэлийг гишүүд дагуулсан юм.
Нөгөөтэйгүүр тэмдэгтийн хураамж нь улсад албан ёсоор төлж байгаа татвар гэж ойлгох уу, эсвэл зүгээр хураамж гэж ойлгох уу гэсэн асуултыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Сангийн сайдаас тавьж, хураамж нь оноосон нэрийн дагуу хураамж гэсэн нэрээр хуульд тусгагдана гэсэн хариулт авлаа.
Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа бар, ресторанаас авах тэмдэгтийн хураамж нь өндөр байх ёстой гэсэн санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нарын гишүүдийн санаачилсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад 39 гишүүнээс 30 гишүүн дэмжиж 76,9 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Харин Засгийн газраас санаачлан боловсруулсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураахад 39 гишүүнээс 29 дэмжиж 74,4 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Үүгээр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойш 15.00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжлүүлэн хуралдана.
Б.Алтансүх