Дугарсүрэнгийн Гүн-Үйлс хэмээх залуу чухам хаанаас, яаж гарч ирсэнийг мэдэхгүй, нэг мэдэхэд л олны танил болчихсон, орчуулга, гадаад хэл, утга зохиол судлал гээд туурвилзүйн их өргөн талбарт ид хаваа үзүүлж, удаж төдөлгүй хэн хүнгүй мэддэг болсонсон. Залуу нас оршилгүй гарч ирнэ гэдэг энэ. Ингэж гал дөлтэй гарч ирэх нь тэр бүр тохиолдоод байдаггүй ээ. Энэ хоосон үг биш. Бараг арваад жилийн өмнө, дэлхийн мэргэдийн гайхшийг одоо хүртэл төрүүлдэг, цаад далд утгыг тайлахад бэрх, заримдаа зориуд утгачилалгүй хожмынхоны оньсого тааварт үлдээж орхисон Нострадамусын зөн билэгдэлт 4000 гаруй шад шүлгийг орчуулан номын хавтас, хэмжээ дамжаа, өнгө зүс, шийдэл загвараараа өвөрмөц нэгэн номыг үзээд үнэндээ гайхаж байснаа санаж байна. Одоо ч тайлагдаагүй байгаа бэрх санаатай тэр номыг манай өмнөх аваргууд барьж аваагүй байхад ийм залуу орчуулаад ард нь гарсан гэдэгт итгэхийн аргагүй байж билээ. Түүнээс хойно Д.Гүн-Үйлс гэсэн нэртэй ном болгоныг авдаг, үздэг, бахархдаг болсноо хэлэх нь зүй. Тэр хэдэн жилийн өмнөөс “Төрт Ёс, Хаадын Сан”-гийн тэргүүн болж, манай их бага хаадын тухай урамтай сайхан цуврал ботиудыг бэлэглэх болсон нь монголчуудын оюуны соёл, түүхийн сан хөмрөг, төрийн ой санамжинд юутай ч зүйрлэшгүй өвийг авчирсан нь хоёр дахь бахархалыг төрүүлсэн юм. Тэрбээр соён гэгээрүүлэгч Л.Түдэв, Н.Дугарсүрэн гуай нарын тооныг өргөж, баганыг түшсэн тэрхүү буянтай байгууллагыг авч явсан шиг авч явна.
Нэр төртэй залгамжилна гэдэг энэ. Мөн хүүрнэл зохиолчдыг өдөж хатгаж, шаггүй үнэмлэмжтэй уран бүтээлийн уралдаан зарлаж, миний мэдэхээс “Хаан Цадиг”, “Хатан Цадиг” гэсэн хоёр сайхан ном гаргалаа. Гүн-Үйлс номыг харагдах талаасаа асар том соёл, гоо сайхан, урлаг гэж хүндлэн үздэг нь илэрхий байдаг. Номуудынх нь хавтас чимэглэл, загвар дэглэлт, хэвлэлт арай өөр. Ихийг сэдэж санаачилж, бужигнуулчихаад өөрийгөө дөвийлгөсөн ганц ч үг хэлсэнгүй, чимээ анир багатайхан өмнөх юмаа хийгээд л, бүтээгээд л явж ирлээ. Хийснээрээ гайхуулж байгаа болохоос биш, хэл амаараа гайхуулж байсныг үзээгүй. Д.Гүн-Үйлс энэ цаг үеийн их зөв залуу шиг санагддаг. Цаг үеийнхээ бахархам фигур болно гэдэг гайхалтай хэрэг. Даруу төлөв, соёлтой эрдэмлэг, санаачлагч сэтгэгч, ахас ихэсийг хүндэлдэг, ёс зүйтэй, ухаалаг хэрсүү, тал бүрийн арвин мэдлэг боловсролтой, гадаадын хэд хэдэн хэлтэй, яах аргагүй “Манай монгол залуус ийм байж улс орон хөгжинө” гэдгийг биеэрээ харуулж яваа хүн гэж би боддог.
Д.Гүн-Үйлс багагүй хугацааны туршид бичиж туурвисаар энэхүү номыг уншигч түмэндээ барьж байна. Сайхан ном болох нь ээ. Тэр түүхийн сэдвийг ихэд чухалчилжээ. Түүх бол ирээдүй, санамж, сургамж, хичээл, туршилт болох талаар агуу.
Түүхгүй орон гэж байдаггүй ч Монгол Улс шиг агуу түүхтэй орон ховор. Гарын таван хуруунд багтана. Түүхэн бахархал үеийн үед гэрэлт бамбар мэт байх ёстой. Түүнээсээ ухаарал авч, суралцаж урагшилж байж улс орон хөгжинө. Улс орны эмгэнэл эмгэнэлийн дотроос түүхээ мартах шиг эмгэнэл байхгүй. Заримууд өнгөрснөө харалгүй өмнөхөө харья гэцгээдэг. Түүхгүй ирээдүй гэдэг үндэсгүй мод, хөлгүй сэнтий, өчигдөргүй өнөөдөр гэсэн үг. Энэхүү туужийн номыг бүхэлдээ түүхэн үйл явдлыг уран сайхнаар сэтгэж бүтээжээ. Гүн-Үйлсийн бүтээлийг ажиглаж байхад өрнийн сэтгэлгээ, бичлэгийн арга барил давамгайлсан, түүхэн баримжаа, түүхэн баримтаас их хол гажихгүйг хичээсэн хичээл мэрийлт харагдаж мэдрэгдэж байна. Түүхийг урансайхны аргаар өгүүлнэ гэдэг хэцүү. Уран зохиолын онол шүүмжлэлд түүх, урансайхны харилцаа хэзээнээсээ анхаарал татаж ирсэн. Халтиргаатай замаар явж байж л хан оргилд хүрнэ. Хэцүү бэрхийг л барьж авч цаана нь гарна гэдэг зохиолч туурвилчийн хувьд гайхамшиг болдог нь тодорхой. Уулчин хүн хэдий өндөрт гарна, дахиад түүнээс улам бүр өндөр өөд зүтгэлдэг нь үүнтэй холбоотой. Түүх гэдэг бол амьдралын туршид мацаад ч хүрэхэд хэцүү оргил билээ. Яруу найрагчийнх шиг онгод, сэтгэлийн хөдөлгөөн баримтаас гажуудуулдаг. Гэхдээ уран зохиол бол дан баримт биш. Харин түүхэн баримтад уяатай оосорлогдож байх нь зүй.
Д.Гүн-Үйлсэд урансайхны мэдрэмж, түүхэн мэдрэмж хоёулаа ижил заяж, дээрээс нь аав ээжээс өвлөгдсөн авьяас билэг, хөдөлмөрч ажилсаг чанар заяасан нь юутай завшаантай хэрэг вэ? Түүхийг гуйвуулж болохгүй, дутааж болохгүй, илүүдүүлж болохгүй. Энэ зарчмыг тэр сүрхий барьдагаас өөрийн гэсэн өнгө аясыг бий болгожээ.
“Тэнгэрийн Зарлиг” хэмээх түүхэн туужид хэдэн мянган жилийн тэртээх Хүннүгийн хаадын бодол санаа, цаг үеийн байдал төрх, зан заншил, уламжлалыг зэгсэн судалж бичсэн нь тэр чигээрээ гэрэлтэж харагдана. Зохиолч хүн оюун ухаанаараа хэдэн мянган жилийн өмнө дүүлэн очдогоороо гайхалтай. Хэн ч хүрч очихгүй тэр цаг үе, түүхэн хүмүүстэй уулзана. Эвлэг бичлэг, зөв хандлага, хурц мэдрэмж, тод цэгцтэй хэллэг, ширээгдсэн оюун санаа гээд зохиолчид байх бүх зүйл байна.
Уран зохиол гэгч өөрөө агуу их урлагийн хамаг сайхныг шингээсэн ертөнц. Хэл чухал, дүрийн дотоод ертөнц чухал. Зөн совин, урлах арга барил чухал. Сэтгэлгээ чухал. Гүн ухаан чухал. Чухал чухлын дотроос авьяас билэг чухал. Энэ бүхний цаад учир начрыг олох эрдэм чадал түүнд бий. Даваа өгсөх тусам өндөр. Дэлхийн энтэй сэтгэж, дэлхийн энтэй ухаажиж, дэлхийн хараатай яваарай, залуу дүү минь…
Соёлын Гавьяат Зүтгэлтэн,
зохиолч До.ЦЭНДЖАВ
2014. 04. 06. Улаанбаатар