Пеле: Бразил сайн тоглосон

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Пеле: Бразил сайн тоглосон

“Хөлбөмбөгийн хаан” гэгддэг домогт хөлбөмбөгч Пеле Бразил Мексиктэй маш сайн тоглосныг онцоллоо. 2014 оны ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилийн шигшээ баг өнгөрсөн шөнө А хэсгийн хоёр дахь тоглолтдоо Мексиктэй 0:0-ийн харьцаатай тэнцсэн юм. Энэ тоглолтын дараа Бразил ДАШТ-д түрүүлэхгүй юм байна гэж хөгжөөн дэмжигчид нь тун урам муутай гэнэ.

Харин Бразилийн домогт хөлбөмбөгч Пеле шигшээ баг нь маш сайн тоглосон, бага зэрэг  аз дутсаныг онцлоод хөгжөөн дэмжигчдээ тэвчээртэй, хүлээцтэй байхыг зөвлөжээ.

Бразил, Мексиктэй гоолгүй тэнцсэн тоглолтын дараа Пеле,  

-Бразилийн шигшээ тун сайн тоглосон. Гэхдээ хожиж чадсангүй. ДАШТ-д сул өрсөлдөгч гэж байдаггүй. Биднийг бурхан ивээж, шигшээд шалгарна гэдэгт итгэлтэй байна. Харин хөгжөөн дэмжигчид тайван байх ёстой гэжээ.

Өмнө нь, Бразилийн шигшээ баг ДАШТ-ий түүхэндээ гурван удаа Мексиктэй учраа таарсан байна. Бразилчууд гурван тоглолтод нийт 11 гоол оруулж, гурвууланд хожиж байжээ. 

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж