Бразил түрүүлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Бразил түрүүлж чадах уу?

2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний H хэсгийн нээлтийн, А хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд боллоо.

 

БРАЗИЛ 0-0 МЕКСИК

ДАШТ-ийг зохион байгуулагч, дэлхийн таван удаагийн аварга Мексикийн шигшээтэй гоолгүй тэнцлээ. Тоглолтын өмнө Бразил ДАШТ-ий сүүлийн 25 тоглолтдоо ганцхан удаа гоолгүй тэнцсэн гэсэн мундаг үзүүлэлттэй байсан юм. Мөн Бразил Мексикийн шигшээтэй ДАШТ-д гурван удаа таарахдаа нийтдээ 11 гоол оруулж,  гурвууланд хожжээ. Тоо баримтаас харахад Бразил ДАШТ-ээр Мексикийн шигшээг илт илүүрхэн хождог байж. Гэсэн ч өнгөрсөн шөнө Бразилчууд хичээгээд үнэндээ хожиж чадсангүй.

Энэ тоглолтын дараа Бразил ДАШТ-д түрүүлж чадах уу гэдэг асуулт хөгжөөн дэмжигчдийнх нь дунд түглээ. Бразилийн шигшээ эх орондоо асар өндөр өртгөөр зохион байгуулж буй 2014 оны ДАШТ-д түрүүлэхгүй бол эдийн засгийн хямралыг эсэргүүцэгч босогчид тайван байлгахгүй нь тодорхой.

Гэхдээ Мексикийн шигшээ ДАШТ-ий сулхан өрсөлдөгч биш. Мексик чанга, нарийн зохион байгуулалт бүхий хамгаалалттай, ур чадварт суурилсан довтолгоонтой шигшээ багийн нэг. Өнгөрсөн шөнө болсон тоглолтод Бразилийн шигшээ бас л боломжийн тоглосон. Гэсэн ч Бразилийн олон довтолгоо Мексикийн шигшээ багийн хаалгач Гулиерма Очоаг давсангүй. Энэ тоглолтод Мексикийн шигшээн хаалгач Гулиерма Очоа Бразилийн зургаан аюултай цохилтыг хаасан байна. Ингэснээр Очоа тоглолтын гол баатраар тодорлоо.

 

ОХУ 1-1 СОЛОНГОС

Багийн ахлагч, гол найруулагч Роман Широковоо гэмтлээр алдсан ОХУ-ын шигшээ БНСУ-д золтой л хожигдчихсонгүй. ОХУ, БНСУ-ын шигшээ багуудын тоглолтын эхний хагаст гоол орсонгүй. Харин хоёрдугаар үеийн 68 дахь минутад БНСУ-ын довтлогч И Гынхо гоол оруулж, тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. Хэсгийн сулхан өрсөлдөгч БНСУ-д хожигдож эхэлсэн ОХУ хашир туршлагатай хагас хамгаалагч Игорь Денисов, Александр Кержаков нарыг талбайд гаргалаа. ОХУ-ын дасгалжуулагч Фабио Капеллогийн эдгээр сэлгээ үр дүнд хүрч, тоглолтын 74 дэх минутад Александр Кержаков гоол орууллаа. Александр Кержаков талбайд сэлгээгээр орсныхоо дараа анхны хүрэлтээрээ гоол оруулж, ОХУ-ын нэг номерийн довтлогч гэдгээ харуулав. Ийнхүү хоёр багийн тоглолт 1:1-ийн харьцаатай өндөрлөж, оноо хуваалаа.

 

БЕЛЬГИ 2-1 АЛЖИР

Европийн “Улаан чөтгөрүүд” гэгддэг Бельги 2014 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтдоо Африкийн “Цөлийн үнэг” хочит Алжирын шигшээг 2:1-ийн харьцаатай хожлоо. Тоглолтын гоолын салхийг Алжирчууд хагалсан. 24 дэх минутад Алжирын сөрөг довтолгооны үеэр Бельгийн хамгаалагч Ян Вертонген торгуулийн талбайдаа алдаа гаргахад шүүгч пенальт заасан юм. Пенальтийг Алжир шигшээн Софиане Фегули амжилттай гүйцэтгэж, тооны харьцааг 1:0-ийн харьцаатай болголоо. Алжирчууд эхний хагаст давамгайллаа сайн хамгаалж өндөрлүүлсэн юм. Харин хоёрдугаар хагасын 70 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан Бельгийн хагас хамгаалагч Маруане Феллаини гоол оруулж, тооны харьцааг тэнцүүллээ. Маруане Феллаини ДАШТ-ий анхны гоолоо оруулсан нь энэ. Үүний дараа 80 дахь минутад Бельгийн довтлогч Дриес Мертенс гоол оруулж, 2:1-ийн харьцаатай “Улаан чөтгөрүүд” өрсөлдөгч Алжирыг буулган авлаа. Бельгичүүд ДАШТ-ий нээлтийн тоглолтод хаалгачаар Дибот Куртуаг сонгожээ. Дибот Куртуа хаалгыг нь “манаж” байхад  Бельги хэзээ ч хожигддоггүй гэсэн гайхамшигтай үзүүлэлт бий. Куртуа Бельгийн шигшээн бүрэлдэхүүнд 18 тоглолт хийхдээ 10 удаад нь гоол алдаагүй байна. Мөн Куртуатай Бельги 18 тоглолтод 11 удаа хожиж, долоон удаа тэнцжээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж