Хөл бөмбөгт нэг хэрэгтэй зүйл байна аа. Тэр нь дүрэм зөрчигчдөд өгдөг карт. Түүний талаар бүгд мэддэг тул нэмж тайлбарлаад байх ч шаардлагагүй. Хамгийн товчдоо бол дүрмээс гадуур тоглосон, увайгүй аашилсан бол эхний удаад шар карт өгч сануулах, ахин алдаагаа давтвал улааныг өгч тоглолтоос хөөнө гэсэн үг.
Гол нь энэ сайхан туршлагыг хууль тогтоох байгууллагад ашиглах санаачилгыг Бразилд хурлын үйл ажиллагааны туршлага судлаад ирсэн манай хэдэн төлөөлөгч аваад ирвэл их л хэрэгтэй байгаа юм. Жилийн жилд сурлага муудаад байна гэдэг шиг парламентын бүрэлдэхүүн ч дөрөв дөрвөн жилийн мөчлөгтэйгээр улам бүр муудсаар. Тэд үндсэн ажил болох хуралдаа суудаггүй, суух үедээ улс оронд хэрэгтэй зүйл ярьж дуугардаггүй, ажил хэрэгч биш, хэт улстөржсөн, ашиг хонжоо хайсан нь улам бүр давамгайлсаар л. Өөрөөр хэлбэл, УИХ-д “улаан карт” бий болж дэг сахиулахгүй бол болохоо байлаа. Улаан карт өгч, хурлаас хөөж гаргах, эсвэл хуралд нь хөөж оруулах зэрэг хариуцлага зайлшгүй боллоо.
Хэрэггүйг хэлэлцэх
Давхар дээлийг тайлах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгээс олонхийн саналаар буцааж байхдаа УИХ-ын дарга З.Энхболд “За бидний зургаан сарын турш хэлэлцсэн зүйл ийн үр дүнгүй болж байна” хэмээн мэдэгдэж байв. Эдийн засгийн ухаанд алдагдсан боломж гэж ойлголт бий. Яг түүн шиг УИХ маань зургаан сарын турш өөр чухал асуудлыг хэлэлцэх боломжоо алдан байж нэг зүйлтэй зууралдсан нь сүүлдээ улс төрийн тоглолтуудаас болж юу ч биш болж хувирсан нь энэ. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэхэд ч чамгүй урт хугацааг зарцуулсан. Араас нь Х.Баттулгыг огцруулах, түүний оронд Ш.Түвдэндоржийг томилох, одоо бол Н.Батбаяр сайдыг огцруулах гээд л. Эдгээрийн аль нь ч эдийн засгийн үр ашиггүй. Ашиг хонжоо нь аль нэг фракц, хувь гишүүдэд л хамаатай болохоос биш уллс орон, эдийн засгийг эрчимжүүлэхэд хамаарах нь нэг ч үгүй. Сандал суудлын маргаан, сайд хэн байх эсэхэд хамаг цагаа бараад сууна гэдэг шийдэх асуудал ихтэй хууль тогтоох байгууллагын хувьд дэндүү хайран.
Хуралдаа суудаггүй
Өмнөх парламентын үед Р.Гончигдорж гишүүнээс хурлын ирцгүй байдлаас болж бусдын саналын товч дээр дардаг асуудлын талаар ямар бодолтойг нь асуухад “наадах чинь жижиг асуудал” гээд хариулахаас татгалзаж байв. Хэдэн жилийн өмнөөс л бичигдэж, яригдаж, гишүүдийн хувьд ойшоодоггүй байсан энэхүү жижиг асуудал нь одоо томорсоор хууль тогтоох байгууллагад итгэх итгэлийн хэмжээнд хүрчихлээ. Ирцгүй хуралдаан, картаа шургуулчихаад оргон зугтдаг гишүүд, хажуудах гишүүдийнхээ саналын товч руу сарвайж саналын эрхэнд нь халддаг нөхөд гээд л ерөнхий байдал нь иймэрхүү. Хэрэггүй зүйл ярьж суудаг гишүүдийг хөөж гаргах карт өгчихмөөр байдаг бол хурлаас оргон гарагсдыг тууж оруулах торгууль баймаар.
Сүүлийн үед парламентын хуралдааныг шууд дамжуулж хэн хүссэн нь өрөөнөөсөө үзэх боломжтой болсон. Гэтэл энэ боломжийг дотор нь сууж байх ёстой гишүүд өөрсдөө ашиглах болсноор ирц гэдэг инээд биш ханиад болов. Гишүүд үг хэлэх дарааллаа дөхүүлж байгаад орж ирэх гэдэг болчихов уу, танхимд сууж байхаар өрөөндөө зурагтаараа хараад хэвтэж байх нь дээр гэдэг болчихов уу, ямартаа ч танхим хоосон байдаг болчихлоо. Уг нь хуралдааны танхимаас шууд дамжуулах дүрсийг үг хэлж байгаа гишүүдийг ганц ганцаар нь харуулдаг биш өөдөөс нь хараад сууж байх ёстой гишүүдийнх нь хоосон сандалнуудыг харуулдаг өнцөгтэй болчихвол ч. Гэвч тэд нэр хүндэндээ учиргүй хайртай. Бас өөрсдийгөө том асуудлыг шийддэг гэж ойлгодог, биднийг жижиг асуудлыг нь шүүмжилдэг гэж буруутгадаг шүү дээ.
Утгагүй зүйл ярих
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч ганцаас хэтэрч чадаагүй нь бараг гишүүн бүр үг хэлж, асуулт асуусантай холбоотой. Хэлэлцэж буй асуудал нь тийм чухалдаа ч биш, хэлж ярьж буй санал шүүмж нь онцгойдоо ч биш. Зүгээр л зарим гишүүдэд телевизийн камерны өмнө ярих нь л чухал. Хэдийгээр асуудал нь хэрхэн шийдэгдэх нь улс төрийн хувьд тодорхой болчихсон ч үг хэлэх боломжийг ашиглахыг л чухалчилдаг. Нэг л их шүүмжилсэн хүмүүс, өөр юу ч харагдахгүй. Зарим гишүүн бол хэвлэлийнхэн байхгүй бол дуугардаггүй хэрнээ камер асаангуут өндөлзөөд л, шударга журамтаны дүрд тоглоод эхлэнэ. Үг хэлэх эрхийг нь хориглох эрх байхгүй ч үнэндээ авах зүйл “түй ч байхгүй” зүйл ярьж цаг үрнэ. Бүр зарим нэгэнд нь сургуульд сурчихсан байх ёстой байсан зүйлийг нь тайлбарласаар цагийг барна. Уг нь хуулийн төсөлд тусгах санал дүгнэлт, шүүмжийг ажлын хэсгийн хуралдаан, байнгын хороод дээр нь хангалттай хэлж тусгах боломж нь гишүүн бүрт бий. Гэвч түүнийгээ ашиглаагүй байж хэзээ хойно нь буруутгана. Сууриа цутгахад нь дуугараагүй байж сүүлд дээвэр будаж байх үед нь гэнэт суурь нь далий болсон тухай шүүмжлээд л. Үүнийг л утгагүй яриа гэнэ шүү дээ.
Нэг их ухаантан царайлсан гишүүдэд нэг зүйл л дутагдаад байна. Дэг хариуцлага ярих цаг болж. Та нарт карт өгөхгүй бол болохоо байлаа. Хэлэлцэх ёстой асуудлаа ч эрэмбэлж чадахгүй парламент, хэрэггүйд цагаа барах гишүүдэд өөр юу хэрэгтэй гэж.
Б.МАНДАХ