
УИХ-ын гишүүн Д.Энхбат, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, Н.Батбаяр нар Ерөнхий сайд С.Батболдод хандан асуулт тавьсан байна. Уг асуултанд “Сүүлийн үед гадаадын хэвлэл, мэдээллийн CNN, BBC, Ройтерс агентлагууд Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлахаар АНУ, Япон улсууд Монгол Улстай гэрээ байгуулахаар зэхэж буй талаар мэдээлсэн. Тухайлбал Японы Майничи сонинд “Японы Эдийн засаг, худалдааны яам нь Америкийн Энергийн яамтай хамтран цөмийн хаягдлыг хадгалах олон улсын анхны байгууламжийг Монголд барих төлөвлөгөөг нууцаар явуулж байгаа тухай” мэдээлэл гарчээ. Иймд “Монгол Улсын Засгийн газраас цөмийн хаягдлын талаар баримталж буй өнөөгийн албан ёсны байр суурь, Монгол улсын нутаг дэвсгэрт урьд нь цөмийн хаягдлыг нууцаар булж байсан гэх мэдээллийг үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоосон талаар тодорхой баримт, мэдээлэл, Монгол Улсын Засгийн газраас бусад улс орнуудтай цөмийн хаягдлыг булшлах, хадгалах талаар гэрээ, хэлэлцээр хийгдэж байсан эсэх талаар тус тус мэдээлэл өгнө үү” гэсэн байна.
Мөн асуултын хариуг Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар холбогдох Байнгын хорооны хуралдаанд сонсгохыг хүссэн байна.
Х.Амгаа