Бразилд очсон манай хэдэн девтаат хөлбөмбөг огт үзээгүй, семинарт сууж, туршлага судлаад тун чиг завгүй. Өөр улс орноос нэг ч хүн оролцоогүй, хоосон том танхимд манай 18 хөмсөг зангидан, эрүү тулан бодлогоширч байна. Арван наймуулаа эзгүй арал дээр цөлөгдсөн мэт хаа байсан Бразилд өөрсдөөс нь өөр хүн байхгүй хоосон зааланд бясалгал хийж, халуунд халж, хөргүүртэй газар хөрч явна. Жиргээчдийн шүүмжлэл явсаар, девтаатын ажилд нь шар, улаан хуудас үзүүлж эхэлсэн тул тэд цэнгэлдэх хүрээлэнгийн хажуугаар гарахдаа өөр тийш харах, дэлхийн аваргын мэдээг зурагтаар үзэхгүй байхыг зорьжээ. Бразилд дэлхийн аварга болж байгааг тэнд очсон хойноо хүнээс дамаа дуулж мэдсэн ч ард түмний мөнгөөр тоглоом наадам хэсч явах сэтгэл бидэнд үгүй гэж утсаар албан ёсоор илэрхийлсэн байна. Манай өдөр бясалгалдаа суучихаад, орой тийшээ баахан улс амьтан шаваараад байхаар нь огт санаандгүй яваад очтол, хөл бөмбөгийн тэмцээн болж байж. “Улаанбаатарынхаа Төв цэнгэлдэхийг янзлах аргаа олохын тулд дотор нь орж сандал дээр нь сууж үзэн, газар дээрээс нь туршлага судлах бодит шаардлага тулгарсан байна. Хөл бөмбөг нь биш цэнгэлдэхийн сандал, хашлага, цэвэрлэгээ, самбар, дээр нь гүйж яваа 22 нөхөр биш талбайн зүлэг арчилгааг нь нарийн судалж, гадаадын залуучууд хэрхэн яаж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж буйд дүгнэлт хийжээ. Ундааны сав чулуудахгүйгээр, эв нэгдэлтэй давалгаалан хөгжөөн дэмжих арга, Төв цэнгэлдэх маш олныг барьсан туршлага, боловсон жорлонгийн менежмент, худалдаа эрхлэгчдэд тавьж буй Бразилийн мэргэжлийн хяналтын байцаагчдын сул тал, барилдааны талбарт хөл бөмбөг тоглох, бөхчүүд багаар өрсөлдөх, биесээ өшиглөж татаж, түлхэж унагавал шар, улаан хуудас гаргах туршлагыг нэвтрүүлэх боломж зэргийг маш нарийн судалж амжсан байна. Бразилд яваа 18 монгол девтаатдаа хээрийн галуу нисэн үл хүрэх газраас их туршлага өвөрлөн ирэхийн ерөөл дэвшүүлье.
ЗӨГИЙН ТОЙМ