Сар гаруйн өмнө Засгийн газар Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч буцаан татаж, зарим нэг өөрчлөлт оруулах шаардлага үүссэн тухай мэдэгдэж байв. Тэгвэл эл төсөл хэзээ УИХ-д өргөн баригдах нь тодорхойгүй ч төмөр зам тойрсон асуудал маргаан дагуулсан хэвээр байна. Тухайлбал, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатар “Шинэ төмөр зам барих асуудлыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын алба хашиж байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга, дараагийн сайд болох А.Гансүх нараас болж зогсонги байдалд орсон” хэмээн мэдэгдсэн бол сайд асан Х.Баттулга “Ганц хүний бодлоор шинэ төмөр зам төслийг шийдэж ирээгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Иймд “NEWS WEEK” сонин VS буландаа Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатар, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын байр суурийг онцоллоо.
Л.Пүрэвбаатар
Монгол Улс төмөр замын асуудлаар олон улсын үүрэг хүлээсэн улс болж таарсан. Гэтэл сайд асан Х.Баттулга “Төмөр замыг хаагуур явуулахаа, мөн Орос, Хятадыг хаагуур холбохоо бид шийднэ” гэдэг. Ийм л олон улсын харилцааны хэм хэмжээг мэдэхгүй, төмөр замын салбарыг огт мэдэхгүй албан тушаалтнууд шийдвэр гаргаснаас болж өнөөдөр бид хүнд байдалд орлоо. Нэг үгээр хэлбэл, Х.Баттулга гэдэг хүн, түүний дараах А.Гансүх гэдэг хүн манай салбарын бодлого, зохион байгуулалт, уламжлал, түүхийг үгүй хийлээ. Энийг засч залруулахын төлөө одоо явах цаг болсон. Маш их хохирол амслаа, маш их их хөрөнгө мөнгө урслаа, түүнээс үнэтэй цаг хугацааг алдлаа.
Монгол Улс төмөр замын бодлогодоо өргөн царигт суурилсан төмөр замын нэгдсэн сүлжээтэй байна гээд маш тодорхой заачихсан. Дээр нь Монгол Улс өргөн, нарийн царигт суурилсан төмөр замтай хоёр том улстай хөршилдөг. Царигийн хэмжээ нь өөр хэдий ч дэлхийн хэмжээнд хүрсэн төмөр замтай болчихсон, нэг нь 100 мянган км, нөгөө нь 90 мянган км үргэлжилсэн асар том төмөр замыг байгуулчихсан байна. Түүнийг нь Монгол нэг царигтай болгож хэзээ ч чадахгүй. Тэгэхээр хоёр том царигтай улсын дунд Монгол оршин байгаа үед төмөр замын асуудлыг шийдье гэж байгаа бол нэн тэргүүнд Шилжүүлэн ачих байгууламжийг хаана байгуулах вэ гэдгийг маш тодорхой болгох ёстой.
News.mn сайт 2014.06.12
Х.Баттулга
Төмөр замын бодлогыг УИХ-аар батлуулахдаа маш их зүйл судалсан. Хөршүүдээ судалсан, мэргэжилтэн судлаачдын үгийг сонссон. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам бол хамгийн гол дэд бүтэц. Хэрвээ төмөр замаа буруу тавибал энэ нь төмөр зам биш, төмөр могой болж буцаагаад биднийгээ бооно. Тийм учраас маш их судалж говийн бүст байгаа баялгаа нэг газар буюу Сайншандад төвлөрүүлээд тэндээ боловсруулж төмөр замаараа тээвэрлэх бодлого гаргасан. Одоо энийгээ буцааж задлаад хилээ долоон газраар сэтлээд бүх баялгаа нэг улс руу, нэг улсын төмөр замын сүлжээ рүү цутгая гэж байгаа. Зөв, бурууг одоо УИХ шийднэ. Харин энэ УИХ зөв, буруу шийдсэний алин болохыг хожим түүх, ард түмэн хатуу шүүнэ. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд төмөр замын бодлогыг мэргэжилтэн, судлаачдын баг гаргаж, УИХ баталсан. Би салбарын сайд байсны хувьд ил гарч ярьж, батлуулсан бодлогоо хамгаалаад байгаа болохоос энэ чинь Монгол Улсын бодлого. Түүнээс Баттулга гэж ганц хүний үзэл бодол, байр суурь биш. Бид хичнээн буруу явж, будилж байгаа ч улстөрийн ардчилал, шийдвэр гаргах тал дээрээ ганц хүний байр сууриар бүхэл бүтэн улсын бодлогыг төлөөлүүлэх, орлуулах хэмжээнд арай ч очоогүй.
Хэрвээ бид одоо төмөр замаа буруу шийдвэл бүх юмаа алдана. Бэлэн жишээ, түүх байна. Одоо чинь улсын тусгаар тогтнолыг цэрэг, зэвсгээр биш, эдийн засгаар нь хөнддөг болчихсон цаг үе. Эдийн засгаар, эдээр засаглана. Төмөр зам дан эдийн засгийн асуудал биш. Ялангуяа далайд гарцгүй Монгол Улсын хувьд төмөр зам бол стратегийн тээвэр байх ёстой.
“Үндэсний шуудан” сонин 2014.06.12
Бэлтгэсэн Г.ДАРЬ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №066