Чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Эдийн засгаас бусад салбарын төлөвлөгөөт ажил үргэлжлэх байх. Эдийн засагтай холбоотой тоонууд ямар учиртай вэ. Батлагдаагүй хуулиуд байхад Газрын биржийг байгуулна гэх мэтээр батлагдаагүй хуулийн талаар мэдээлэл оруулж ирсэн нь зөрчил үүсгэх үү” гэсэн асуултад  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “2015 онд валютын ханш 1600 орчмоор тооцооход нэг хүнд ногдох ДНБ 5000 доллар байхаар тооцоолж байна. Эдийн засаг ямар байх талаар бид тодорхой тооцоо гаргаж, зорилт тавьсан. Зорилтоо хэрэгжүүлэхийн тулд холбогдох хуулийн төслүүд нь дагаж явах ёстой юм. Газрын биржийг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд бид зөв зохицуулалт хийх ёстой юм” гэлээ.

 

УИХ-ын гишүүн М.Энхболд “2015 он цаг хугацаа, сонгуулийн мөчлөгийн хувьд чухал үе. Эрх барьж байгаа нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд чиглэж ажилладаг. Эрх баригчдын том том амлалтууд олон байна. Тухайлбал, Сайншандын аж үйлдвэрийн парк, томоохон эрчим хүчний эх үүсвэрүүд гэх мэт.  Энэ томоохон төслүүдийг 2015 оны үндсэн чиглэлдээ яагаад тусгаагүй юм бэ.Үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхдээ биелүүлж чаддаггүй байдлаа яах вэ” гэсэн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Жил бүрийн үндсэн чиглэл гэдэг бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг тухайн жилд нь яаж хэрэгжүүлэхийг тусгадаг. 2016 онд хийх ажилд ард түмэн дүгнэлтээ тавина. Томоохон ажлууд олон бий. Жишээлбэл, 50 мегаватын III цахилгаан станцы өргөтгөлийг өчигдөр хүлээж авсан, Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцуудад өргөтгөл хийнэ, томоохон хурдны замууд байна. Мөн зам, эрчим хүч, цементийн үйлдвэрлэл нэмэгдэх гээд олон ажлыг дэс дараатай хийгээд явна. Инфляцийн түвшинг бууруулж, ирэх жил нэг оронтой тоонд барьж ажиллахаар үндсэн чиглэлд тусгасан. Тэгэхийн тулд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудыг нэмэгдүүлэхээр болсон. Ялангуяа хоёр хөрштэйгээ хамтын ажиллагаагаа сайжруулах талаар ажлуудаа эхлүүлээд байгаа” гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Эдийн засгийн ямар өсөлтөөр хүн амын хэрэглээ нэмэгдээд байгаа юм бэ. Үндэсний аж ахуй нэгжүүд хаалгаа бариад байхад яаж эдийн засаг хурдтай хөгжинө гэж яриад байна. Мөн валютын ханшийг 1600 орчимд барина гэж оруулж ирсэн байна. Үнэн яаж зөв бодитой, тооцоо судалгаатай, эдийн засгаа авч явах юм бэ” гэсэн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр сайд “24 мянган аж ахуй нэгж хаалгаа барилаа гэж байна. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Тиймээс худлаа тараах хэрэггүй. Улсын бүртгэл дээр хаалгаа барьсан нэг ч аж ахуй нэгж байхгүй байгаа. Үг, тоогоор тоглох хэрэггүй. Валютын ханш ийм байдалд хүрсэнд та бүхний оруулсан хувь нэмэр их. Өнөөдөр тодорхой хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт буурсан, дэлхийн зах зээл дээр үнэ ханш буурсан гээд олон шалтгаан бий” гэлээ.

 

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Та нарын үндсэн чиглэлийг өргөн барьсныг харахад 2015 онд Монголын эдийн засаг буурахаар байна. 2015 оны үндсэн чиглэлд эдийн засгийн суурь таван үзүүлэлтийн инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн. Өнгөрсөн онд долларыг 1384-т барина гэж байсан ч одоо 1800 гарсан. Ирэх онд яг хэдэн төгрөгт барих вэ. Мөн төлбөрийн тэнцлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын хэрхэн татах вэ. Цалин, тэтэврийг хэдэн хувиар нэмэх шаардлагатай гэж тусгасан бэ” гэсэн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Өнөөдрийн нөхцөл байдал одоо гэнэт үүссэн зүйл биш. Эдийн засгийн бодлогын хувьд Монгол Улсад томоохон төсөл арга хэмжээг эхлүүлэх бодлогыг гаргаж ирж байна. Тиймээс хоёр хөрштэйгээ хамтраад гурван улсыг холбосон авто зам, төмөр зам, хийн хоолой, эрчим хүчний шугам баригдаад энэ жилээс эрчимжнээ. 2015 оны ханшийн төсөөллийг 1600 орчмоор тооцсон” гэлээ.

Мөн “Төмөр замын бодлого юу болсон бэ. Өргөн, нарийн царигаар явна гэсэн боловч Засгийн газар хуулиа эргүүлэн татсан. Энэ төмөр замууд баригдах уу. Үндсэн чиглэлд тусгагдсан уу” гэсэн асуултад Зам тээврийн сайд Л.Гансүх “Төмөр замын асуудлаар нийт 1800 км зам барихаар төлөвлөсөн. Үндсэн чиглэлд өөр санал өгсөн байсан. Эхний ажил 2015 онд ашиглалтад орох байсан ч санхүүжилтээс болоод хойшилсон. Бусад чиглэлийн төмөр замын ажлууд эхлүүлэхээр саналаа өгсөн боловч Үндсэн чиглэлд хувьчлаад тусгасан байна. Ер нь бол хөрөнгө санхүүтэй холбоотой хүндрэл үүсээд эхэлсэн. Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийгээд эхэлсэн. Царигийн хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдаад тодорхой болсон. Нарийн царигаар явуулах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиглэлийн дагуу БНХАУ-ын талтай хэлэлцээрийн үр дүнгээс шалтгаалан 2014 онд УИХ-д өргөн барина гэсэн заасны дагуу ажил үргэлжилж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Валютын ханшийг ямар үндэслэлээр тооцож 1600 орчимд барина гэж оруулж ирсэн юм бэ. Энэ нь өөрөө хэр үндэслэлтэй юм бэ. Долоо сарын өмнө 1384-т барихаар оруулж ирэхдээ МАН-ын муу амаллаа гэх мэтээр яриад байсан. Эрх баригч та өөрөө Засгийн газрын ажлыг шударгаар хийх ёстой. УИХ Засгийн газарт хангалттай итгэл үзүүлсэн байхад өгсөн үүрэг даалгавараа биелүүлэх ёстой” гэсэн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Энэ бол бодит тоон дээр үндэслэсэн тоо. Бид зорилт тавиад ажиллах төсөөлөл юм. Чингис бондын санхүүжилтээр хийгдсэн томоохон ажлууд олон бий. Үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудыг хамтраад хийгээд явах ёстой” гэлээ.

Ингээд гишүүд үг хэлсний дараа дэмжсэн гурав, дэмжээгүй гурван гишүүн санал хурааж, 2015 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн санал хурааж, 32 гишүүн  зөвшөөрч, хэлэлцэх нь зүйтэй гэж холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөж, үдээс хойш байнгын хороодын хуралдаан зарласан хуваарийн дагуу хуралдах юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж