Эдийн засагт мөнгө эргэн хомсдов

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

Эдийн засагт мөнгө эргэн хомсдов

Монголын эдийн засгийн өсөлтийн “Ал­тан үе”-ийг эргэн дурсах таа­тай байдгийг нуух юун. Ту­хайлбал 2010-2012 онд мөн­гөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 39 хувь, бүр оргил үедээ буюу 2011 оны эх­ний улиралд 67 хувьд хүрч байв. Харин одоо яагаад нийт мөнгөний өсөлтийг өн­гөрсөн гурван жилийнхтэй харьцуулахад бага байна вэ.  Төв банк 2012 оны арваннэгдүгээр сараас хой­ших хугацаанд тодорхой зорилт, хөтөлбөрийн хүрээнд нийт 3 их наяд төгрөгийг эдийн засагт нийлүүлжээ. Хэрэв төгрөгийн нийлүүлэлтийг хийгээгүй бол өөрөөр хэлбэл найман их наяд төг­рөгийн гурван их наяд төгрөг нь байгаагүй бол яах байсан бэ. Энэ тохиолдолд Монголын эдийн засагт нийт таван их наяд төг­рөг л эргэлдэж байх байсан. Үүнийг мөнгөний нийлүүлэлтийн “огцом бууралт” гэж хэлж болно. Ингэснээр санхүүгийн системд маш том цохилт, эрсдэл учирч ажлын байрны тоо огцом буурах байлаа. Нэг жишээ дурьдахад одоогоос зургаан жилийн өмнө буюу 2008 оны сүүлийн гуравхан сарын хугацаанд Монгол Улсын хэмжээнд нийт ажиллах хүч 77 мянгаар буурсан гэдэг. Энэ бол хямралын үе. Тэр үед эдийн засаг дахь мөнгөний хэмжээ 5.5 хувиар буурч байсан. Энэ нь төгрөгийн нийлүүлэлт хийгээгүй бол үүнээс дор хямрал хүлээж байсныг харуулж байна.

 

Мөнгөний нийлүүлэлтийн хэм­жээ буурснаар юуны өмнө ДНБ-ий бодит өсөлт огцом буурч эдийн засагт ноцтой хямрал учирдаг. Мөн зэээлийн тасалдал бий болж санхүүгийн салбар тэр чигтээ хям­рах аюул тулгардаг билээ. Энэ нь банкуудаас зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагууд, аж ахуйн нэг­жүүдийн “цусны эргэлт” зогсох, хатуухан хэлбэл “хаалгаа барих”-д хүргэдэг.

Тэгвэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажиллаж буй мянга, мянган ажилтан гэнэт ажилгүй болбол тэд­ний ар гэрийнхний амьдралд хэр хэмжээний хохирол учрах бол. Тэгэхээр Монголбанкны төдий­гөөс өдий хүртэл хийсээр ирсэн мөнгөний нийлүүлэлт нь ажилгүйдэл, ядуурлын гэнэтийн эрсд­лээс хамгаалж байсныг мэдрэх цаг нэгэнт болжээ. Ажилгүйдэл огцом өсөх нь нийгмийн үйл амьдралд ямар хэмжээний доргилт өгдөг билээ гэдгийг бид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хан­галттай харсан.

Иймд өнгөрсөн жил мөнгөний ний­лүүлэлтийг мөнгөний өсөлтийн түв­шинтэй уялдуулан хийж ирсэн эрх баригчдын барим­талж буй бодлого нь эдийн засаг дахь хямд бөгөөд урт хугацаатай төгрөгийн дутагдлыг нөхөөд зог­сохгүй ажлын байруудыг тогтвортой хадгалах хөрс суурь болсон. Гэсэн хэдий ч гадаад секторын нөхцөл байдал муудаж гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 50 гаруй хувиар буурсан, гадаад өрийн ДНБ-нд эзлэх хэмжээ 40 хувиас хэтэрсэн зэрэг, Оюутолгойн экспорт тодорхойгүй хугацаагаар хойшилсон зэрэг нь манай эдийн засагт мөнгө орж ирэх бүхий л боломжит сувгийг хаагаад байна. Мөнгө зах зээлд эргэн дутагдаад эхэлсэнийг дээрх хүснэгтээс болон зах дэлгүүр хоршоо, ресторанаар үйлчлүүлэгчид эрс багаслаа гэсэн бизнесийнхий гомдлоос харж болохоор байна.

Мөнгө эдийн засагт урт хугацаанд дутагдвал хувийн хэвшил ажилчдаа цомхотгон үүд хаалгаа барихад хүрч, улмаар арилжааны банкуудаас авсан зээлээ иргэд төлж чадахгүйд хүрч, моргейжид авсан байраа хураалгахгүй гэж үү. Эцэст нь энэ бүх гинжин урвал эдийн засгаа татаж унагахгүй гэх баталгаа лав алга даа.

С.ХУЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж